Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар түгжрэлийг бууруулах хүрээнд гашуун шийдвэрүүд гаргана гэдгээ мэдэгдсэн. Тэгвэл тэрээр "Өдрийн сонин"-ны сэтгүүлч П.Хашчулуунд нэлээд өргөн хүрээг хамарсан асуудлаар ярилцлага өгчээ. Энэ үеэр тэрээр түгжрэлийг бууруулах талаар ямар гашуун шийдвэр гаргах талаараа ярьжээ.

Тэрээр "Өнөөдөр нийслэлд бүртгэлтэй байгаа 650 мянган машин бүгдээрээ хотын хөдөлгөөнд орвол нийслэлийн зам шууд зогсоно. Тэг зогсолт болно. Тэгэхээр шийдэмгий, хатуу шийдвэрүүд гаргах цаг болсон.

Нэгдүгээрт, импортоор орж ирж байгаа насжилт өндөртэй, он хуучин, цаад газраа аваар осолд орсон, буруу рультэй зэрэг тээврийн хэрэгслүүдэд импортын хязгаарлалт тогтооно. Цаад газраа төмрийн хог руу ачигдахад бэлэн болсон автомашинуудыг манайхан засаж, янзлаад эх орондоо зарж байгаа. Үүнийг хориглоно. Импортоор орж ирж байгаа буруу рультэй тээврийн хэрэгслийг 2022 оны наймдугаар сараас уу, 2023 оны нэгдүгээр сараас хорих уу, энэ хооронд шийдвэр гарна. Харин одоо ороод ирсэн буруу рультэй машинуудад хугацаа өгнө. 2025 он хүртэл үү, 2026 он хүртэл гэдэг юм уу. Тэрнээс цааш шууд хориглоно.

Хоёрдугаарт, нийслэлийн нутаг дэвсгэрт явж байгаа автомашины татвар, хураамжийг нэмэгдүүлнэ. Жишээ нь, Их тойруу руу буюу хотын төв рүү орж ирэхдээ автомашинууд тодорхой цэг дээр өндөр төлбөр төлж орж ирнэ. Тэгж хотын төвд машинтайгаа зорчих эрх нээгдэнэ. Цаашлаад Их тойруу шиг бусад тойргуудыг бүсчилж гаргана. Хамгийн өндөр төлбөртэй нь  Их тойруу буюу хотын төв байна. 

Цаашдаа замын түгжрэл ачаалалтайгаа уялдуулж номер олгох зэрэг зохицуулалтын ажлыг Зам тээвэр, хөгжлийн яам биш нийслэл өөрөө хийдэг болох эрүүл механизм руу шилжинэ. Зогсоолуудыг тодорхой болгоно, төлбөрийн орчин үеийн систем нэвтрүүлнэ" гэжээ.