Үндэсний спортын анхдугаар чуулган өнөөдөр Төрийн ордонд болж байна. Чуулганд 21 аймаг, нийслэлээс үндэсний спортын өвлөн уламжлагчид, бөхчүүд, уяач, харваач нар зэрэг 700 гаруй төлөөлөгч оролцож буй бөгөөд үндэсний спортыг цаашид хэрхэн хөгжүүлэх бодлогыг тодорхойлоход шаардлагатай зөвлөмж гаргах юм.
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх чуулганыг нээж хэлсэн үгэндээ "Аливаа улс орны үндэсний спорт нь тухайн улсын соёл, ёс заншил, өв уламжлал, үнэт зүйлийг тээж, ард түмнийхээ ухамсарт эх оронч үзлийг төлөвшүүлэх эв нэгдлийг бэхжүүлэхэд онцгой үүрэг гүйцэтгэдэг. Монголчууд бидний анхны төрт улс болох Хүннү гүрний үед бөх барилдаж, харваачид цэц мэргэнээ сорьдог, хурдан морь уралдуулдаг байсан тухай түүхэн баримт байдаг нь эрийн гурван наадмын өв соёл, үүх түүх өнө эртнээс улбаатай бөгөөд төрт ёсны түүхэн уламжлалтай салшгүй холбоотойг нотолж байна" хэмээсэн.
Монгол Улсыг дэлхийн нүүдэлчдийн төв болгох, дэлхийн монгол туургатнуудтай хамтран ажиллах зорилгоор "Нүүдэлчдийн соёл" спортын их наадмыг эх орондоо тогтмол зохион байгуулах асуудлаар Ерөнхийлөгчийн бодлого үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасан байна.
Уг чуулганыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар Үндэсний спортын хороо зохион байгуулж буй юм. Энэ үеэр Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн зарлигаар үндэсний спортоо сурталчлан таниулах хойч үедээ өвлүүлэн үлдээхэд хөдөлмөр зүтгэл, сэтгэл зүрхээ зориулж яваа зарим хүнд төрийн дээд одон медаль гардууллаа.
Үүнд Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор Хэнтий аймгийн алдарт уяач Т.Сэдэд, Улсын Манлай уяач Д.Цэнд-Аюуш, Даян мэргэн Д.Эрдэнэтуяа нар шагнуулсан юм.
"Алтан гадас" одонгоор Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын алдарт уяач Б.Батхолбоо, Төв аймгийн алдарт уяач Ж.Мөнхбат, Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын Уяачдын холбооны тэргүүн Л.Гомбодорж, Монголын уламжлалт харваачдын холбооны тэргүүн М.Зоригт, Дэлхийн көкпар спортын холбооны дэд ерөнхийлөгч А.Ром, Улаанбаатар хотын мөсний шагайн холбооны тэргүүн, Мөсний шагайн Монгол Улсын мэргэн С.Санжаабээрэн, Монголын үндэсний жороо морины спорт холбооны гишүүн, морь цоллооч Т.Чойжоо нар тус тус шагнуулсан юм.
Түүнчлэн Монголын тэмээн поло спорт, уралдаан, аяллын холбооны менежер О.Ганзоригийг хөдөлмөрийн хүндэт медалиар шагнасан бөгөөд шагналыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар, Шадар сайд С.Амарсайхан нар гардуулан өглөө.