​Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын төвд энэ сарын 21-нээс 25-ны хооронд нийт 1261 дуудлага мэдээлэл хүлээн авчээ. Үүнээс зам тээврийн ослын шинжтэй 974 дуудлага мэдээлэл бүртгэсэн байна.

Зам тээврийн ослын улмаас 22 хүн  бэртсэний 17 нийслэлд, 5 орон нутагт бүртгэгдсэн бол ослын улмаас 1 хүний амь хохирсон байна. Хүн гэмтсэн ослыг хэлбэрээр нь авч үзвэл:

Нийслэлд:

  • Явган зорчигч мөргөх хэлбэрээр 14 осол бүртгэгдэж,  16 хүн гэмтсэн.
  • Мөргөлдөх хэлбэрээр 1 осол бүртгэгдэж, 1 хүн гэмтсэн.

Орон нутагт:

  • Явган зорчигч мөргөх хэлбэрээр 1 осол бүртгэгдэж,  1 хүн гэмтсэн.
  • Онхолдох хэлбэрээр 1 осол бүртгэгдэж, 1 хүн гэмтсэн байна.
  • Мөргөлдөх хэлбэрээр 2 осол бүртгэгдэж 3 хүн гэмтсэн байна.
  • Үл хөдлөх зүйл мөргөх хэлбэрээр 1 осол бүртгэгдэж 1 хүний амь хохирсон.

Энэ долоо хоногт хүүхэд өртсөн таван осол бүртгэж, таван хүүхэд гэмтэж, нэг хүүхдийн амь хохирсон байна. Хүүхдийг автомашинд тээвэрлэхдээ зориулалтын суудалд суулгах, суудлыг бүсийг зүүж хэвшүүлэх шаардлагатай байна. Мөн 10 хүртэлх насны хүүхдийг бие даан хөдөлгөөнд оролцуулахгүй байх, зам тээврийн осолд өртсөн тохиолдолд гэмтсэн эсэхээс үл хамааран 102 тусгай дугаарт дуудлага мэдээлэл өгөх талаар хүүхдүүдтэйгээ ярилцаж, зааж сургахыг зөвлөж байна.

Явган зорчигч нь 10 хүртэлх насны хүүхдийг замын хөдөлгөөнд харгалзаж явахдаа өөрөөсөө салгахгүй хөтлөх, тэврэх, үүрэх, хүүхдийн тэргэнд түрэх гэх мэт авч явахаар заасан байдаг тул эцэг, эх, асран хамгаалагч та бүхэн хүүхдийнхээ аюулгүй байдлыг хангаж хөдөлгөөнд оролцоно уу.

 

 

Хүүхдийг зохион байгуулалттай тээвэрлэх, Автомашинд тээвэрлэх зорчигчдын тоо нь үйлдвэрээс тавьсан суудлын тооноос илүүгүй байх бөгөөд суудал бүр нь хамгаалах бүсээр тоноглогдсон байна.Суудлын автомашинд болон ачааны автомашины жолоочийн бүхээгт 10 хүртэлх насны хүүхдийг тээвэрлэхдээ биеийн жин, өсөлтөд нь тохирсон зориулалтын нэмэгдэл суудал буюу хамгаалах хэрэгсэл ашиглана гэсэн замын хөдөлгөөний дүрмийн 23.7, 8, заалтыг баримтлан хөдөлгөөндөө соёлтой оролцоно уу

МУ-ын Замын хөдөлгөөний дүрмийн Тав.Явган зорчигчийн үүрэг: “5.6. Явган зорчигч нь явган хүний гарц буюу гармаар зам хөндлөн гарна. Хэрэв үзэгдэх хүрээнд явган хүний гарц, гарам байхгүй бол замын дагуу хоёр тийш сайн харагдах, хайс, хашилтгүй хэсгээр, ойртон ирж яваа тээврийн хэрэгслийг өнгөрүүлэн эгц хөндлөн гарна” гэж заасан байдаг.

Мөн дүрмийн 5.2-д “Харанхуй үед гэрэлтүүлэггүй замд болон үзэгдэлд хангалтгүй нөхцөлд зорчих хэсгийн зах буюу хөвөөгөөр явах тохиолдолд ЯВГАН ЗОРЧИГЧ НЬ ЖОЛООЧИД ХАРАГДАХ НӨХЦӨЛӨӨ САЙЖРУУЛАХ ҮҮДНЭЭС аль болох тод гэгээлэг өнгийн, боломжтой бол гэрэл ойлгох шинж чанар бүхий хувцас хэрэглэл, эд зүйлстэй явбал зохино” гэсэн зөвлөмжийн шинжтэй заалт байдаг.

Явган зорчигч хэлбэрээр хөдөлгөөнд оролцох үедээ явган хүний гарцаар, тээврийн хэрэгслийг бүрэн гүйцэд зогссоны дараа аюулгүй байдлаа хангаж зам хөндлөн гарах, жолоочид харагдах нөхцөлөө сайжруулах үүднээс гэрлээр анхааруулж зам хөндлөн гарахыг цагдаагийн байгууллагаас та бүхэнд зөвлөж байна.

Гудамж замд зохион байгуулсан хяналт, шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 319 зөрчил бүртгэгдсэний нийслэлд 231, орон нутагт 88 зөрчлийг тус тус илрүүлж, учирч болох эрсдэлээс урьдчилан сэргийлэн ажилласан.

Архи согтууруулах ундааны төрлийн зүйл хэрэглэсэн бол  тээврийн хэрэгсэл жолоодохгүй байхыг цагдаагийн байгууллагаа анхааруулж байна гэж Тээврийн цагдаагийн албанаас мэдээлэв.