Монгол Улсын Их Хурал, Европын Парламент хоорондын XIV зөвлөлдөх уулзалт өнөөдөр  (2022.02.23) Төрийн ордонд боллоо. Уулзалтыг нээж Монгол Улсын талаас УИХ-ын гишүүн, Улсын Их Хурал дахь Монгол, Европын Парламенттай харилцах бүлгийн дарга  Ц.Мөнхцэцэг, Европын Парламентын талаас Европын Парламент дахь Төв Ази, Монголтой харилцах бүлгийн дэд дарга Андрис Америкс нар үг хэлэв. Талууд Монгол Улсын Их Хурал, Европын Парламент хоорондын XIII зөвлөлдөх уулзалтын тэмдэглэлийг баталсан. Талууд хоёр талын хамтын ажиллагаа өргөжин хөгжиж, ардчилал, хүний эрх, эрх чөлөө болон чөлөөт зах зээлийн эдийн засгийг дээдэлдэг нэгдмэл үнэт зүйлсээ улам бататгахын төлөө хамтран ажиллахад бэлэн байгаагаа санал нэгтэй илэрхийллээ. Энэ удаагийн уулзалт хоёр талын түншлэл, хамтын ажиллагааны гэрээний хэрэгжилт, улс төр, эдийн засгийн нөхцөл байдал, парламент хоорондын цаашдын хамтын ажиллагаа, ногоон хөгжил, “КОВИД-19” цар тахлын дараах боломж, сорилт, хүний хөгжил – хүний эрх зэрэг асуудлаар өргөн хүрээнд ярилцаж, санал солилцсон юм.

Тухайлбал, УИХ-ын гишүүн УИХ дахь Монгол, Европын парламенттай харилцах бүлгийн дарга Ц.Мөнхцэцэг, УИХ-ын гишүүн, УИХ дахь Монгол, Европын парламенттай харилцах бүлгийн гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга С.Бямбацогт нар Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн хүрээнд хийж буй эрх зүйн шинэчлэлийн талаар танилцуулсан. УИХ-ын гишүүн, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Б.Баттөмөр эдийн засгийн өнөөгийн төлөв байдал болон бүс нутгийн хамтын ажиллагааны асуудлаар мэдээлэл өглөө. Харин УИХ-ын дэд дарга, УИХ дахь Монгол, Европын Парламенттай харилцах бүлгийн гишүүн С.Одонтуяа уур амьсгалын өөрчлөлт, хүүхдийн эрх, жендэрийн тэгш байдалтай холбоотой асуудлаар байр сууриа илэрхийллээ. УИХ-ын гишүүн УИХ дахь Монгол, Европын парламенттай харилцах бүлгийн дарга Ц.Мөнхцэцэг парламентаас Хүний эрх хамгаалагчийн эрх зүйн байдлын тухай хуулийг баталсан Азийн анхны улс болсныг дурдаад Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн хүрээнд Улс төрийн намын санхүүжилтийн тухай хуулийн төслийг боловсруулж байгааг уулзалтын үеэр онцлон тэмдэглэв.

Европын Парламент дахь Төв Ази, Монголтой харилцах бүлгийн дэд дарга Андрис Америкс Европын Холбооноос Монгол Улсад 2021-2027 онуудад хэрэгжүүлэх олон жилийн баримжаат хөтөлбөр баталж, тэргүүлэх чиглэлээ Ногоон хөгжил, ардчилсан ба эдийн засгийн хөгжил гэж тодорхойлсон нь Монгол Улсын Засгийн газрын Шинэ сэргэлтийн бодлогын тодорхой зорилтуудтай нийцэж байгаад баяртай буйгаа илэрхийлэв. Мөн дэлхий нийтийг хамарсан цар тахал улс орнуудын эдийн засгийн хөгжил, гадаад хамтын ажиллагаа, хил дамнасан зорчих хөдөлгөөн, бараа бүтээгдэхүүний тээвэрлэлтэд хүндрэл, хязгаарлалт учруулсан хэвээр байна. Энэ амаргүй цаг үед хоёр тал харилцан бие биеэ дэмжиж, хамтран ажиллаж буйг тэмдэглэсэн юм.

Монгол Улсын Их Хурал, Европын Парламент хоорондын XIV зөвлөлдөх уулзалтаар талууд эдийн засгийн хамтын ажиллагаа, хоёр талын худалдаа, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, Европын холбооноос Монгол Улсад олгож буй импортын тарифын хөнгөлөлтийн ерөнхий систем (GSP+), Бүртгэгдсэн экспортлогчдын систем (REX), Монголын худалдааг дэмжих TRAM төслийн хэрэгжилтийг эрчимжүүлэхэд  хамтран ажиллах талаар ярилцав. Уулзалтын төгсгөлд Монгол Улсын Их Хурал, Европын Парламент хоорондын XV зөвлөлдөх уулзалтыг 2023 оны эхний хоёр сард багтаан хийхээр товлолоо. Монгол Улсын Их Хурал, Европын Парламент хоорондын XIV зөвлөлдөх уулзалтад УИХ-ын Тамгын газрын Гадаад харилцааны хэлтсийн дарга Ц.Жамбалдорж, Гадаад харилцааны яамны Европын газрын захирал Г.Баттунгалаг, Гадаад харилцааны яамны Олон талт хамтын ажиллагааны газрын дэд захирал П.Баасанхүү, Европын Парламент дахь Төв Ази, Монголтой харилцах бүлгийн дэд дарга Атидже Алиева-Вела, Европын Парламентын Нарийн бичгийн дарга нарын газрын Ази, Австрали, Шинэ Зеланд Улсыг хариуцсан тасгийн дарга Никколо Риналди, Европын Парламентын Нарийн бичгийн дарга нарын газрын мэргэжилтэн Хатагтай Жоанна Роунио, Европын Холбооноос Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Аксель Никэйз болон албаны бусад хүмүүс байлцлаа гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Нийтэлсэн: УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс