УИХ-ын Тамгын газрын Парламентын судалгааны хүрээлэнгээс Швейцарын хөгжлийн агентлагийн "Монгол Улсад парламентын ардчиллыг бэхжүүлэх нь" төсөлтэй хамтран "Хууль тогтоох байгууллагын мэдээллийн ба олон нийтийн харилцаа, сошиал медиаг үр дүнтэй ашиглах нь" сэдэвт сургалтыг өнөөдөр (2022.02.22) зохион байгууллаа.
Хэвлэл мэдээлэл ба хэрэглэгчийн зах зээлийн өнөөгийн байдал, мэдээллийн харилцаа, цахим орчинд мэдээлэл боловсруулах, түгээх аргачлал, сошиал медиаг үр дүнтэй ашиглах зэрэг сэдвүүдийн хүрээнд “Хэвлэлийн хүрээлэн” төрийн бус байгууллагын багш нар хичээл заав.
Хууль тогтоох байгууллагын онцлог чиг үүрэгт тохирсон мэдээллийн харилцаа, хууль тогтоох, хууль сурталчлах үйл ажиллагаанд сошиал медиаг үр дүнтэй, үр нөлөөтэй ашиглахад Улсын Их Тамгын газрын ажилтнуудын чадавхийг нэмэгдүүлэх зорилготой тус сургалтын чиглүүлэгч, УИХ-ын Тамгын газрын Парламентын судалгааны хүрээлэнгийн захирал Ц.Цогзолмаа сургалтаас олж авсан шинэ технологи, мэдлэг мэдээллийг ажилдаа нэвтрүүлэх талаар болон байгууллагаараа нэгдсэн нэг зорилготой ажилласнаар үр дүнд хүрч, хэрэглэгч буюу иргэд үр шимийг хүртэх талаар санал бодлоо сургалтад оролцогчидтой хуваалцлаа.
Сургалтад УИХ-ын Тамгын газрын ажилтнууд болон УИХ-ын даргын ажлын алба, Парламентын сурталчилгаа, мэдээллийн төвийн ажилтнууд, УИХ-ын гишүүдийн зөвлөх, туслахууд зэрэг 200 орчим хүн танхимаар болон цахимаар хамрагдлаа гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.