Нийслэлийн прокурорын газраас яллагдагч Б.Чойжилжалбуу, Х.Бат-Эрдэнэ нарт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай саналыг энэ сарын 18-ны өдөр шүүхэд ирүүлжээ. Уг саналыг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн өчигдөр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанаар:
Яллагдагч Б.Чойжилжалбууд гэрчийг дарамталсан, сүрдүүлсэн үндэслэл бүхий мэдээлэл байгаа нь тогтоогдсон тул түүнд 2022 оны хоёрдугаар сарын 21-ний өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэв. Тэрбээр 2016 оны есдүгээр сараас Хөгжлийн банкны дэд захирал бөгөөд актив, пассив хөрөнгийн удирдлагын газрын захирлаар ажиллаж байсан.
Харин яллагдагч Х.Бат-Эрдэнэ нь гэрчийг сүрдүүлж, дарамталсан үндэслэл баримтаар тогтоогдоогүй тул прокурорын саналыг хүлээн авахаас татгалзаж, түүнд авсан Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж шийдвэрлэлээ. Х.Бат-Эрдэнэ нь "Алтай констракшн" компанийн захирлаар ажиллаж байна. Тус компани Хөгжлийн банкны "Чанаргүй зээлдэгч"-ийн ангилалд багтсан.
Өнөөдрийн байдлаар прокурорын саналын дагуу:
- Хөгжлийн банкны Дэд захирал асан, Төсөл зээлийн газрын захирал асан Ч.Мөнхбаяр
- Хөгжлийн банкны захирал асан Б.Батбаяр
- Хөгжлийн банкны дэд захирал асан Б.Чойжилжалбуу нарыг тус тус нэг сарын хугацаагаар цагдан хориод байна.