Хөгжлийн банкнаас зээл авсан болон зээл олгосон эрх бүхий албан тушаалтнуудыг цагдан хорих саналыг прокурорын байгууллагаас шүүхэд хүргүүлээд байгаа.

Тухайлбал нийслэлийн прокурорын газрын хяналтын прокуророос яллагдагч Ц.Ууганбаярыг "Нийтийн албан тушаалтан албан үүрэг, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан"  гэмт хэрэгт яллагдагчаар татсан. Улмаар түүнийг өөрийн амь нас, эрүүл мэндэд аюул учруулж болзошгүй үндэслэлээр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах саналыг шүүхэд ирүүлснийг хүлээн авч, өнөөдөр хянан хэлэлцэв.

Шүүх хэрэгт цугларсан баримтуудыг судалж үзээд прокурорын санал үндэслэлтэй байх тул яллагдагч Ц.Ууганбаярт өнөөдрөөс эхлэн нэг сарын хугацаагаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэв.

Эргэн сануулахад "Төрийн орон сууцны корпорац", "Нью Яармаг хаусинг прожект" компани хамтран 142 тэрбум төгрөгийн зээлийг Хөгжлийн банкнаас 2015 онд авчээ. “Шинэ Яармаг” орон сууцны хороолол барихаар авсан уг зээлээс 59 тэрбум төгрөгийг эргүүлэн төлж, одоо 117 тэрбум төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй байгааг Хөгжлийн банкнаас мэдээлсэн.

Эх сурвалж: Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн Хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газар