Хөгжлийн банкны чанаргүй зээлтэй холбоотой үе үеийн удирдлагуудыг цагдан хорих эсэх шүүх хурал өнгөрсөн Баасан гаригт /2022.02.18/ Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн шүүхэд болсон. Чанаргүй зээл олгосон асуудлаар Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал асан Н.Мөнхбат, Б.Батбаяр нарыг болон мөн тухайн үеийн ТУЗ-ийн дарга асан Б.Шинэбаатар болон тэргүүн дэд захирал асан Ч.Энхбат, Д.Дэлгэрсайхан, Б.Батбаяр, Хөгжлийн банкны дэд захирал Ч.Мөнхбаяр нарыг цагдан хорих хүсэлтийг АТГ-аас шүүхэд ирүүлсэн юм.
Шүүхээс Б.Батбаяр, Ч.Мөнхбаяр нарыг сар хорих шийдвэр гаргасан.
Хөгжлийн банкны дэд захирал Б.Чойжилжалбуу, "Капитал" банкны захирал А.Ариунболд, "Алтай констракшн" компанийн захирал Х.Бат-Эрдэнэ нарыг хэргийг хэлэлцэх хугацааг өнөөдрийг /2022.2.21/ хүртэл хойшлуулсан. Тодруулбал, яллагдагч Б.Чойжилжалбуу нь шүүхийн хэлэлцүүлэгт өмгөөлөгчтэй оролцох хүсэлт гаргасан бол Х.Бат-Эрдэнийн өмгөөлөгчөөс яллагдагч Х.Бат-Эрдэнийг шүүхийн хэлэлцүүлэгт оролцуулах саналыг хүлээн авч, шүүх хурлын энэ сарын 21-ний өдрийг хүртэл түр хойшлуулжээ.
Нийслэлийн прокурорын газраас яллагдагч А.Ариунболд, Б.Чойжилжалбуу, Х.Бат-Эрдэнэ нарт “цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай” саналыг 2022 оны хоёрдугаар сарын 18-ны өдөр ирүүлснийг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хүлээн авч хянаад, шүүгдэгч А.Ариунболдод Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан “….гэрчийг дарамталсан …сүрдүүлсэн үндэслэл бүхий …мэдээлэл байгаа” үндэслэлээр нэг сарын хугацаагаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэв.
Харин шүүхийн хэлэлцүүлэгт яллагдагч Б.Чойжилжалбуу нь “шүүхийн хэлэлцүүлэгт өмгөөлөгчтэй оролцох” хүсэлт гаргасныг хүлээн авч, хэлэлцүүлгийг 2022 оны хоёрдугаар сарын 21-ний өдрийн 15 цаг 30 минут хүртэл, яллагдагч Х.Бат-Эрдэнийн өмгөөлөгчөөс “шүүхийн хэлэлцүүлэгт яллагдагч Х.Бат-Эрдэнийг оролцуулах тухай” санал гаргасныг хүлээн авч, хэлэлцүүлгийг 2022 оны хоёрдугаар сарын 21-ний өдрийн 16:00 цаг хүртэл тус тус хойшлуулж шийдвэрлэсэн талаар Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газраас мэдээлэв.