Аюулгүй байдлын асуудлаарх Мюнхений 58 дахь удаагийн бага хурлын үеэр Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг дэлхийн зарим улс орнуудын Гадаад хэргийн эмэгтэй сайд нартай уулзав.

Гадаад хэргийн эмэгтэй сайд нар НҮБ-ын Ерөнхий Ассамблей болон бусад олон улсын бага хурлуудын үеэр уламжлал болгон тогтмол уулзалт зохион байгуулж ирсэн аж. 

Энэ удаагийн Аюулгүй байдлын бага хурлын үеэр Гадаад хэргийн эмэгтэй сайд нар дахин уулзаж, даян дэлхийн энх тайван аюулгүй байдал, эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах, жендерийн тэгш байдлыг хангах зэрэг өргөн хүрээнд ярилцаж, санал солилцлоо.

Сайд нар цаашид уулзалтын үйл ажиллагаагаа идэвхжүүлэх, харилцаа хамтын ажиллагаагаа улам өргөжүүлэх, шинэ агуулга, хэлбэрээр улам баяжуулж ажиллахаар санал нэгдэв.