Шүүхийн ерөнхий зөвлөл, Олон Улсын эрх зүйн хөгжлийн байгууллагатай хамтран Европын Холбооны санхүүжилтээр хэрэгжүүлж буй “Шүүх эрх мэдлийн байгууллагын хамтын ажиллагаа ба ил тод байдал (2024–2026)” төслийн хүрээнд шүүхийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, олон нийтийн шүүхэд итгэх итгэлийг бэхжүүлэх зорилгоор “Эрх зүйн хөтөч”-ийн сургалтыг Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн байранд өнөөдөр (2025.04.09) зохион байгууллаа.

 

    Шүүхийн ерөнхий зөвлөлийн Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Б.Эрдэнэтулга, Олон Улсын хөгжлийн эрх зүйн байгууллага (IDLO)-ын Монгол дахь суурин төлөөлөгч Чарльз Болланд нар сургалтыг  нээж, шүүхийн үйлчилгээний хүртээмж, олон нийтийн итгэлийг нэмэгдүүлэхэд энэхүү хөтөлбөр чухал ач холбогдолтой болохыг дурдав.

 

 

 

 

         ОУЭЗХБ-ын хөтөлбөрийн менежер Н.Одонтуяа төслийн ерөнхий танилцуулга, хүлээгдэж буй үр дүнгийн талаар, Төслийн зөвлөх Г.Энхтуяа эрх зүйн хөтөч М.Долгорсүрэн  нар “Эрх зүйн хөтчөөр ажиллахад анхаарах зүйлс”, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Үйлчилгээний ажилтан Ч.Тамир “Олон нийттэй харилцах зарчим, харилцааны ур чадвар”, Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын шүүгч, хууль зүйн доктор Н.Баярмаа “Шүүхийн тусгайлсан ажиллагааны танилцуулга”, Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Зохион байгуулалтын хэлтсийн дарга Ц.Энхцэцэг “Нэхэмжлэл, гомдол гаргах, материал бүрдүүлэх арга зүй” сэдвүүдээр тус тус эрх зүйн хөтчийг нэгдсэн ойлголтоор хангах, арга зүйн зөвлөгөө өгөх сургалт орлоо.

 

 

 

     “Эрх зүйн хөтөч” хөтөлбөрийн хүрээнд 2025 оны 02 дугаар сарын 24-ний өдрөөс эхлэн 17 эрх зүйн хөтөч анхан шатны 4 шүүхийн Тамгын газарт ажиллаж, тэдний үйл ажиллагааны үр дүнг 04 дүгээр сарын 04-нд дүгнэж, энэхүү хөтөлбөр нь иргэдэд шүүхийн үйлчилгээг илүү ойлгомжтой, хүртээмжтэй хүргэх, шүүхэд итгэх олон нийтийн итгэлийг нэмэгдүүлэхэд чиглэсэн гэдгийг оролцогчид онцолж байв.

ГАДААД ХАРИЛЦАА, ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ГАЗАР

МЭДЭЭЛЛИЙН ТӨВ