Өнгөрч буй долоо хоногт Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын төвд зам тээврийн ослын шинжтэй 1100 дуудлага мэдээлэл бүртгэжээ.

Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас нийслэлд 15, орон нутагт 4 хүн гэмтэж бэртэж, мөн ослын улмаас нэг хүн амиа алджээ.

Энэ долоо хоногт хүүхэд өртсөн 2 осол бүртгэгдэж, 0-10 хүртэлх насны 2 хүүхэд гэмтэж бэртсэн бөгөөд бие даан хөдөлгөөнд оролцож байсан байна.

Эцэг эхчүүд та бүхэн хүүхдээ тавих хараа хяналтыг сайжруулах 10 хүртэлх насны хүүхдийг бие даан хөдөлгөөнд оролцуулахгүй байхыг ТЦА-наас анхааруулж байна.

 

 

Явган зорчигч нь 10 хүртэлх насны хүүхдийг замын хөдөлгөөнд харгалзаж явахдаа өөрөөсөө салгахгүй хөтлөх, тэврэх, үүрэх, хүүхдийн тэргэнд түрэх гэх мэт авч явахаар заасан байдаг тул эцэг, эх, асран хамгаалагч та бүхэн хүүхдийнхээ аюулгүй байдлыг хангаж хөдөлгөөнд оролцоно уу.

Хүүхдийг зохион байгуулалттай тээвэрлэх, Автомашинд тээвэрлэх зорчигчдын тоо нь үйлдвэрээс тавьсан суудлын тооноос илүүгүй байх бөгөөд суудал бүр нь хамгаалах бүсээр тоноглогдсон байна. Суудлын автомашинд болон ачааны автомашины жолоочийн бүхээгт 10 хүртэлх насны хүүхдийг тээвэрлэхдээ биеийн жин, өсөлтөд нь тохирсон зориулалтын нэмэгдэл суудал буюу хамгаалах хэрэгсэл ашиглана гэсэн замын хөдөлгөөний дүрмийн 23.7, 8, заалтыг баримтлан хөдөлгөөндөө соёлтой оролцохыг уриалж байна.

Тээврийн цагдаагийн албанаас “Зөвийг хэвшүүлье” уриалгын хүрээнд явган зорчигчийг зам тээврийн осол хэрэгт өртөхөөс урьдчилан сэргийлэх зорилгоор “ГЭРЛЭЭР АНХААРУУЛЪЯ” арга хэмжээ зохион байгуулж байна.

Гэрлээр анхааруулъя хэмжээний гол зорилго нь  явган зорчигчийг зам тээврийн осолд өртөх, зам тээврийн гэмт хэргийг бууруулахад оршино.

Энэ долоо хоногт нийслэлийн хэмжээнд явган зорчигч автомашинд мөргүүлэх хэлбэрээр 11 осол бүртгэгдэж,  12  хүн гэмтэж бэртсэний 6 гарц гарамгүй хэсгээр гарсан байна.

МУ-ын Замын хөдөлгөөний дүрмийн Тав.Явган зорчигчийн үүрэг: “5.6. Явган зорчигч нь явган хүний гарц буюу гармаар зам хөндлөн гарна. Хэрэв үзэгдэх хүрээнд явган хүний гарц, гарам байхгүй бол замын дагуу хоёр тийш сайн харагдах, хайс, хашилтгүй хэсгээр, ойртон ирж яваа тээврийн хэрэгслийг өнгөрүүлэн эгц хөндлөн гарна” гэж заасан байдаг.
Мөн дүрмийн 5.2-д “Харанхуй үед гэрэлтүүлэггүй замд болон үзэгдэлд хангалтгүй нөхцөлд зорчих хэсгийн зах буюу хөвөөгөөр явах тохиолдолд ЯВГАН ЗОРЧИГЧ НЬ ЖОЛООЧИД ХАРАГДАХ НӨХЦӨЛӨӨ САЙЖРУУЛАХ ҮҮДНЭЭС аль болох тод гэгээлэг өнгийн, боломжтой бол гэрэл ойлгох шинж чанар бүхий хувцас хэрэглэл, эд зүйлстэй явбал зохино” гэсэн зөвлөмжийн шинжтэй заалт байдаг.

СОГТУУРУУЛАХ УНДААНЫ ЗҮЙЛ ХЭРЭГЛЭСЭН ҮЕДЭЭ ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛ ЖОЛООДСОН 301 ЗӨРЧИЛ БҮРТГЭЖЭЭ

Явган зорчигч хөдөлгөөнд оролцох үедээ явган хүний гарцаар, тээврийн хэрэгслийг бүрэн гүйцэд зогссоны дараа аюулгүй байдлаа хангаж зам хөндлөн гарах, жолоочид харагдах нөхцөлөө сайжруулах үүднээс гэрлээр анхааруулж зам хөндлөн гарахыг цагдаагийн байгууллагаас та бүхэнд зөвлөж байна.

Гудамж замд зохион байгуулсан хяналт, шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 301 зөрчил бүртгэгдсэний нийслэлд 221, орон нутагт 80 зөрчлийг тус тус илрүүлж, учирч болох эрсдэлээс урьдчилан сэргийлэн ажилласан.

Архи согтууруулах ундааны төрлийн зүйл хэрэглэсэн бол  тээврийн хэрэгсэл жолоодохгүй байхыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.

Эх сурвалж: Тээврийн цагдаагийн алба