УИХ-ын даргын захирамжаар Криптовалюттай холбоотой харилцааг хуулиар зохицуулах асуудлыг судлан санал, дүгнэлт гаргах, шаардлагатай бол холбогдох хуулийн төсөл боловсруулах ажлын хэсгийг байгуулжээ.

Ахлагчаар нь УИХ-ын гишүүн Л.Соронзонболд ажиллаж байна. Уг ажлын хэсэг виртуал хөрөнгө, криптовалютын зах зээлийн өнөөгийн нөхцөл байдлын талаар санал солилцлоо.

Санхүүгийн зохицуулах хорооны Хууль эрх зүйн хэлтсийн дарга Ж.Мөнх-Оргил “Виртуал хөрөнгийн зах зээл: Өнөөгийн нөхцөл байдал” сэдвээр танилцуулга хийв. Тэрбээр, Монгол Улсад виртуал хөрөнгөтэй холбоотой үйл ажиллагааг эрхлэх эрх зүйн орчныг бүрдүүлж холбогдох журам, зааврыг баталж, үр дүнтэй хяналт, зохицуулалтын орчныг бүрдүүлж, ФАТФ-ын Техникийн зөвлөмж 15 (Шинэ технологи)-ийг хангаж ажиллаж байна хэмээлээ.

Виртуал хөрөнгийн салбарын зохицуулалт Монголд төдийгүй дэлхий даяар шинэлэг хэвээр байна. Техник технологийн хурдацтай шинэчлэлийг дагаж, шинэ сорилтууд учирсаар байгааг тодотгоод, энэ хүрээнд Санхүүгийн зохицуулах хороо виртуал хөрөнгийн салбарын оролцогчдын үйл ажиллагааг дэмжих, тус зах зээл дэх хууль бус хөрөнгийн урсгалд хяналт тавих, илрүүлэх чиглэлээр ажиллаж байгааг мэдээлэв.

Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хуулийг 2021 оноос хэрэгжүүлж буй бөгөөд шинэ хууль батлагдахаас өмнө виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгч 24 байсан бол өнөөдрийн байдлаар Санхүүгийн зохицуулах хороонд бүртгэлтэй виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгч 12 байгууллага үйл ажиллагаа явуулж байна.

Монголын биржүүдийн нэгдсэн холбооны гүйцэтгэх захирал Э.Төртогтох “Эдүгээ виртуал хөрөнгийн олон төрөл, хэлбэр бий болсон. Криптовалют, дижитал үл хөдлөх хөрөнгө, стэйблкойн, хэрэглээний токен, үнэт цаасны токен, Төв банкны дижитал валют зэргийг дурдаж болно гэлээ.

Цаашид Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хуулийг шинэчлэхдээ койн, токен, виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн уялдаа, харилцан хяналтыг хангах, үл хөдлөх дээр суурилсан токенжуулалтыг ашиглах зэрэг зохицуулалтыг тусгах саналтай байгаагаа илэрхийлэв.

Азийн хөгжлийн банкны зөвлөх Д.Билгүүн виртуал хөрөнгийн зохицуулалтын олон улсын чиг хандлагын талаар танилцуулахдаа улс орнуудын 10 хувь нь виртуал хөрөнгийн зохицуулалттай байдаг бол 40 хувь нь бэлтгэлийн шатанд, 50 хувь нь огт зохицуулалтгүй байгааг онцлов.

Ийнхүү ажлын хэсгийн хуралд оролцсон байгууллагуудын төлөөлөл үйл ажиллагаандаа учирч буй сорилт хүндрэл, хууль, эрх зүйн орчныг боловсронгуй болгох талаар санал солилцов. Ажлын хэсгийн ахлагч Л.Соронзонболд ажлын хэсгийг “Криптовалюттай холбоотой” хэмээн нэрлэсэн нь хязгаарлагдмал учир “Виртуал хөрөнгөтэй холбоотой” хэмээн тодотгон өөрчлөхөөр болсныг дурдлаа.

Ажлын хэсэг виртуал хөрөнгийн зах зээлийг нарийвчлан судалж ажиллах юм.Ажлын хэсэгт УИХ-ын гишүүн Ж.Золжаргал, Ч.Анар, Э.Батшугар, Ш.Бямбасүрэн, П.Ганзориг, Г.Уянгахишиг, Д.Энхтүвшин, С.Эрдэнэболд нар ажиллаж байна.

Ажлын алба