“Оюу толгой”-н мөнгөн урсгал ирэх оноос эерэг урсгалтай болох хүлээлттэй байна. Тус компани сар бүр 100 орчим сая ам.долларын хөрөнгө оруулалтыг татдаг. Энэ нь ам.долларын урсгал болон ханшид эергээр нөлөөлдөг юм.

Одоогоор энэ төслөөс өөр Монгол руу тогтмол хөрөнгө оруулж буй төсөл хөтөлбөр хэрэгжиж эхлээгүй байна.

“Оюу толгой” компани БНХАУ-ын арваад үйлдвэрт зэсийн баяжмалаа Лондоны металлын биржийн үнээр нийлүүлдэг. Гурав дахь улсад бүтээгдэхүүнээ гаргахаар Япон руу туршилтын тээвэр хийсэн нь амжилттай болжээ. Замын-Үүдийн боомт болон ОХУ-ын нутгаар дамжуулан Япон руу зэсийн баяжмалаа тээвэрлэсэн байна.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-ын Шанхай хотод өнгөрсөн долоо хоногт ажиллаад ирсэн. Энэ үеэр Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замуудын хил холболтыг тохирсон юм.

2-3 жилийн дараа шинэ гүүр, бараа ачиж буулгах агуулах гэх мэт байгууламжууд ашиглалтад орно. Ингэснээр “Оюу толгой” компанид бүтээгдэхүүнээ нийлүүлэх бас нэг гарц нээгдэх аж.