206 орны Үндэсний олимпын хороод /ҮОХ/ болон Олон улсын олимпын хороо /ОУОХ/, Олон улсын спортын холбоод, Олимпын наадмыг Зохион байгуулах хороод зэрэг байгууллагуудын 850 гаруй төлөөлөл Португал улсын Каскайс хотноо ҮОХХ-дын 27 дахь удаагийн ерөнхий ассамблейд оролцохоор хүрэлцэн ирээд байна.
 
ҮОХХ-ны Ерөнхий ассамблейн нээлтийн ажиллагаанд ОУОХ-ны Ерөнхийлөгч Томас Бах, Португал улсын парламентын ерөнхийлөгч Хосе Педро Агуиар-Бранко, Каскайс хотын захирагч Карлос Карриера, Португалын ҮОХ-ны Ерөнхийлөгч Артур Лопез, ҮОХХ-ны Ерөнхийлөгч Робин Митчелл нарын хүндэт зочид нээлтийн ажиллагаанд оролцож, төлөөлөгчдөд мэндчилгээ дэвшүүллээ.
 
Хурлын эхний өдөр ҮОХХ-ны үйл ажиллагааны тайлан, 2023 оны санхүүгийн аудитын тайлан, тулгамдаж буй асуудлууд болон цаашдын төлөвлөгөөний талаар хэлэлцэж улмаар “Парис 2024” олимпын наадам, “Лос Анжелес 2024” олимпын наадмыг Зохион байгуулах хорооны тайлан, Дэлхийн допингийн эсрэг агентлагийн товч мэдээллийг тус тус танилцуулав.
 
Мөн Ерөнхий ассамблейн үеэр тухайн жилд спортын салбарт онцгой амжилт үзүүлсэн тамирчин, баг, ҮОХ, спортын зүтгэлтнүүдэд ҮОХХ-ны тэргүүн дээд шагнал олгох ёслол зохиогддог бөгөөд энэ удаад “Парис 2024” олимпын наадамд оролцогчдод тус шагналыг гардууллаа. 11 дүгээр сарын 1-ний өдрийг дуустал үргэлжлэх энэхүү хуралд МҮОХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга Э. Бадар-Ууган, Гадаад харилцааны албаны дарга Б.Баяртуяа нар оролцож байна.
 
ОУОХ-ны Эв санааны нэгдлээс 2025-2028 онд хэрэгжүүлэх хөтөлбөрүүдийн танилцуулга, ҮОХХ-ны салбар комиссуудын үйл ажиллагааны тайлан, Стратеги төлөвлөгөө, тогтвортой байдлын төлөвлөгөө болон Милан-Кортина 2026 өлийн олимпын наадам, Дакар 2026 залуучуудын IV олимпын наадмын бэлтгэл ажил зэрэг сэдвүүдээр хурал үргэлжилнэ гэж Монголын үндэсний олимпын хорооноос мэдээллээ.