#Чөлөөтбөх Цэвээнсүрэнгийн Цогбадрах Олимпын бус жингийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль хүртлээ.

Чөлөөт бөхийн олимпын бус жингийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Албанийн нийслэл Тирана хотод боллоо.

Өнгөрсөн шөнө эрэгтэй дөрвөн жингийн финалын барилдаанууд болсноос Монголын шигшээ багийн тамирчин Цэвээнсүрэнгийн Цогбадрах -61 кг жинд хүрэл медаль хүртлээ.

Урьдчилсан шатанд Оросын Арян Цютринийг 2-1, шигшээ 16-д Киргизийн Тайырбек Жумашбек Уулуг 3-0, шөвгийн наймд Ираны Реза Хуссэйн Моменижоужадехыг 3-1 харьцаагаар хожсон тэрээр хагас шигшээд Туркийн Ахмет Думанд 3-1 харьцаагаар ялагдсан юм.

Улмаар хүрэл медалийн төлөө Азербайжаны Нураддин Новрузовыг 8-2 харьцаагаар илүүрхэж медалийн тавцанд зогссон.