УИХ-ын 2024 оны намрын ээлжит чуулганы (2024.10.25) хуралдаанаар Засгийн газрын мэдээллийг сонсох зохицуулалтын дагуу “Шинэ сэргэлтийн бодлого”-д тусгагдсан Боомтын сэргэлтийн бодлогын хэрэгжилтийн талаарх мэдээлэл солилцов.

Нэгдүгээрт, боомтуудын хатуу, зөөлөн дэд бүтцийг хөгжүүлэн ачаа болон зорчигч нэвтрүүлэх хүчин чадлыг дээшлүүлж, экспортыг нэмэгдүүлэх зорилтын хүрээнд дараах ажлуудыг хийж гүйцэтгэсэн байна. Төсвийн хөрөнгө оруулалт болон БНХАУ-ын буцалтгүй тусламжийн санхүүжилтээр Замын-Үүд, Гашуунсухайт боомтуудад өргөтгөл шинэчлэл, барилга угсралтын ажлыг хийж, ашиглалтад оруулсан байна.

Замын-Үүд боомтын зорчигч тээврийн цогцолбор дахь импортын тээврийн хэрэгслийн 8 гарцыг 20, экспортын 4 гарцыг 24 болгож нэмэгдүүлсэн. Мөн инженерийн дэд бүтцийн иж бүрэн шугам, нэгдсэн удирдлагын төвтэй холбогдсон орчин үеийн хяналтын систем бүхий тээврийн хэрэгслийг автоматаар бүртгэх ухаалаг гарцууд, өндөр хүчин чадлын авторентген болон хилийн хяналтын бусад тоног төхөөрөмжийг суурилуулснаар зорчигч болон тээврийн хэрэгсэл түргэн шуурхай нэвтэрч, иргэд ая тухтай орчинд үйлчлүүлэх боломж бүрджээ.

Замын-Үүд дэх ачаа тээврийн шинэ цогцолбор дахь импортын тээврийн хэрэгслийн 3 гарцыг 22, экспортын 2 гарцыг 5 болж нэмэгдүүлэн, 28 барилга байгууламж, инженерийн дэд бүтцийн иж бүрэн шугам, цахилгаан хангамжийн 11 км шугам, дэд өртөө, зам талбайн гэрэлтүүлэг, холбоо дохиолол камержуулалт, хашаа хамгаалалтын хэрэгсэл зэрэг ажлыг гүйцэтгэн ашиглалтад оруулсан байна. 

Гашуунсухайт боомтын барилга байгууламж, зам талбайг өргөтгөн шинэчилж (зорчигч болон ачаа тээврийн хэрэгсэл нэвтрүүлэх импортын 1 гарцыг 3, экспортын 1 гарцыг 3 болгон нэмэгдүүлж, нүүрс тээврийн хэрэгсэл нэвтрүүлэх экспортын 6 гарцтай байсныг 10 гарцтай болгож олон улсын жишигт нийцсэн ухаалаг гарц, авто пүү, хүнд даацын авто зам, рентген, ариутгал, эрэлч нохойн байр, лаборатори, холбоо) дохиолол, камержуулалтыг хийснээр боомтын нэвтрүүлэх хүчин чадал 3 дахин нэмэгдсэн байна.

Мөн тус боомтын өргөтгөл шинэчлэлийн ажлын хүрээнд Өмнөговь аймгийн Хайрхан багт хил хяналтын байгууллагуудын ажилчдын орон сууц, дэд өртөөний барилга, гадна дулаан, цэвэр, бохир усны шугам болон цэвэрлэх байгууламж, уурын зуухны барилгын ажлыг хийж, 90 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байгааг Л.Гантөмөр сайд танилцууллаа.

Эх сурвалж: УИХ