#Шатар 45 дахь удаагийн шатрын олимпиадын Есдүгээр өрөгт Эрэгтэй шигшээ баг Панамыг хожиж, эмэгтэй баг Арменид хожигдлоо.

FIDE (The International Chess Federation)-аас зохиодог 45 дахь удаагийн шатрын олимпиад Унгарын нийслэл Будапешт хотод үргэлжилж байна.

Тэмцээний Наймдугаар өрөгт, Монголын эрэгтэй шигшээ баг Панамын шигшээ багийг 4-0 харьцаагаар хожсоноор 10 оноотой болж 58-аас 46-р байр руу дэвшлээ.

Шигшээ багаас FM Эрдэнийн Баасансүрэн, IM Мөнхдалайн Амилал, FM Хуягцогтын Итгэлт, FM Сумъяагийн Чингүүн нар тоглож бүтэн оноогоо авсан.

Тэд Есдүгээр өрөгт 41-р байрт 10 оноотой бичигдэж буй Казахстаны шигшээ багтай тоглохоор болсон байна.

Харин 12-р байрт бичигдэж байсан эмэгтэй шигшээ баг Арменийн шигшээ багтай тоглож 3.5-0.5 харьцаагаар хожигдлоо.

Эмэгтэй багаас тус өрөгт IM Батхуягийн Мөнгөнтуул ганцаараа тэнцэж тал оноогоо авсан бол IM Даваадэмбэрэлийн Номин-Эрдэнэ, WGM Төрмөнхийн Мөнхзул, WFM Эрдэнбаярын Хүслэн нар ялагдал хүлээжээ.

Ийнхүү эмэгтэй шигшээ баг 22-р байр руу ухарсан бөгөөд Есдүгээр өрөгт Австрийн шигшээ багтай тоглохоор болжээ.

Эрэгтэй багийн тоглолтын үр дүнгүүд:

  1. Монгол 4-0 Мавритани
  2. Монгол 2-2 Чех
  3. Монгол 2-2 Израил
  4. Монгол 0.5-3.5 Герман
  5. Монгол 4-0 Судан
  6. Монгол 1-3 Болгар
  7. Монгол 3-1 Ливан
  8. Монгол 4-0 Панам

Эмэгтэй багийн тоглолтын үр дүнгүүд:

  1. Монгол 4-0 Гватемал
  2. Монгол 3-1 Монако
  3. Монгол 2.5-1.5 Перу
  4. Монгол 2.5-1.5 Испани
  5. Монгол 2.5-1.5 АНУ
  6. Монгол 1.5-2.5 Гүрж
  7. Монгол 2-2 Герман
  8. Монгол 0.5-3.5 Армени

Дэлхийн 197 орны тамирчид оролцож буй тэмцээний эрэгтэй төрөлд одоогоор Энэтхэг, Ираны шигшээ багууд тэргүүлж байна.