Засгийн газраас ирэх жилүүдэд Хуримтлалын сангийн хөрөнгийг эхний ээлжинд орлого багатай иргэд болон орон нутгийн иргэдийг ипотекийн зээлд хамруулахад зарцуулахаар бодлогоо тодорхойлжээ. Энэ талаар Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан өөрийн цахим хуудаснаа  Монголбанк, Монголын Ипотекийн корпораци, Арилжааны банкуудын төлөөлөлтэй уулзаж "Хуримтлалын сан"-гийн мөнгөн хөрөнгийг ипотекийн зээлийн эх үүсвэр, орон сууцжуулалтад хэрхэн уялдуулах чиглэлээр ярилцлаа. Орон сууцны зээлд залуучууд болон орлого багатай иргэдийг хамруулж, амьдралын чанарыг нь сайжруулан дундаж давхрагыг нэмэгдүүлэх нь бидний зорилго хэмээн цахим хуудаснаа бичсэн байв.

Сайд Л.Энх-Амгалангаас Хуримтлалын сангийн санхүүжилтээр орон сууцны хөтөлбөрийг санхүүжүүлэх бодлогын талаар тодруулсан юм.

-Хуримтлалын сангийн санхүүжилттэй орон сууцны хөтөлбөр нь ипотекийн 6, 8 хувийн хүүтэй зээлээс ямар ялгаатай вэ?
-Баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар Хуримтлалын сангийн эхний 499 тэрбум төгрөгийг ипотекийн зээлийн шинэ эх үүсвэр болгон гаргаж байна. Монгол Улсад жилд дунджаар 19 мянган өрх орон сууц худалдаж авах хэрэгцээ гардаг. Үүний гуравны нэг буюу 6000 өрх нь арилжааны банкны өндөр хүүтэй буюу 16-18 хувийн хүүтэй зээлд хамрагддаг.

6000-7000 өрх 6, 8 хувийн хүүтэй зээлд хамрагдаж байна. Үлдсэн 6000 нь урьдчилгаа 30 хувиа бүрдүүлсэн боловч ипотекийн зээлд хамрагдаж чаддаггүй. Үүнд 2 их наяд төгрөгийн эх үүсвэр шаардлагатай.

Ирэх оны төсөвт Хуримтлалын сангийн эх үүсвэрээс 500 орчим тэрбум төгрөг нэмнэ. Нэмж байгаа гол бодлого нь Засгийн газар орон сууцжуулах бодлого түлхүү явуулна. Иргэдийг орон сууцжуулахад нэгдүгээрт мөнгөний эх үүсвэр. Хоёрдугаарт хүртээмж чухал байна.

Боломжтой хүмүүс нь хэд хэдэн байр авч байна. Харин төрийн албан хаагчид, олон хүүхэдтэй гэр бүл, хөгжлийн бэрхшээлтэй гэх мэт орлого багатай иргэд ипотекийн хөнгөлөлттэй зээлд хамрагдаж чадахгүй байна.

-Ипотекийн зээлийн хүртээмжийг нэмэгдүүлнэ гэж Та онцолж байна. Хэрхэн нэмэгдүүлэх вэ?
-Судалгаанаас харахад өнгөрсөн хугацаанд ипотекийн зээлийн 70 хувь нь Улаанбаатарт олгогдсон. Ирэх дөрвөн жилд зээлийг орон нутагт илүү чиглүүлнэ. Эхний ээлжинд зээл олголт хот, хөдөөд 50, 50 хувь болгоно. Орлого багатай иргэд болон Улаанбаатараас орон нутаг руу шилжиж буй иргэдийг дэмжинэ.

ГБХНХЯ-ны гол бодлого иргэд Хуримтлалын сангаас орон сууцны урьдчилгаа төлбөрийг төлдөг болох, урт хугацаанд өрхийн орлогод нөлөөлөхгүйгээр зээлд хамрагддаг болох вэ гэдэг тогтолцоог бүрдүүлэхэд чиглэнэ. Энэ чиглэлээр

Монголбанк, БХБЯ, Монголын Ипотекийн корпораци, Арилжааны банкуудын төлөөлөл зэрэг байгууллагатай хамтран ажиллаж байна. Одоо ипотекийн зээл нь өрхийн орлогын 50-80 хувийг эзэлж байна. Зээлийн эргэн төлөлт 30 хувиас хэтрэхгүй байх ёстой юм. Тиймээс ипотекийн зээлийн эргэн төлөлтийн өрхийн орлогод ирэх ачааллыг бууруулах нь чухал байна.

-Ипотекийн зээлд хамрагдахаар банканд материалаа өгөөд жил гаруй хүлээж буй иргэд олон бий. Санхүүжилт хийж байхад зээл нь яагаад шийдэгдэхгүй удаж байна гэж иргэд бухимддаг?
-Ипотекийн зээл авахаар дараалалд хүлээж буй иргэдийн дунд хоёр, гурав дахь байраа авах гэж байгаа иргэд олон бий. Тэгвэл бид зээл хүссэн иргэдийг судалж, анх удаа орон сууц авах гэж байгаа иргэд, залуу гэр бүлд илүү их боломж олгоно. Гэхдээ хотын зах руу болон орон нутагт орон сууц авах бол хүү багатай байх төвлөрлийг сааруулахад түлхүү анхаарна гэлээ.