#Paris2024 Уламбаярын Сүрэнжав пара тэеквондогийн K44 ангиллын эмэгтэй -52 кг жинд түрүүлж, Паралимпын аварга боллоо.
Парис 2024 паралимпын наадмын эхний өдөр пара тэеквондогийн K44 ангиллын эмэгтэй -52 кг жинд Монголын шигшээ багийн тамирчин Уламбаярын Сүрэнжав алтан медаль хүртлээ.
Шөвгийн наймд 2023 оны ДАШТ-ий мөнгөн медальт Египетийн Салма Али Абд Аль Моним Хассантай тулалдаж 7-5 харьцаагаар ялсан тэрээр хагас шигшээд 2023 оны дэлхийн аварга Мексикийн тамирчин Жессика Гарсиа Киханог 13-5 харьцаагаар ялсан. Улмаар финалд Ираны Захра Рахимиг ялан түрүүллээ.
24 настай У.Сүрэнжав 2022 оны Азийн пара наадмаас мөнгөн медаль, 2023 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль хүртэж байсан бөгөөд Паралимпын наадмаас анх удаа медаль авлаа.
Паралимпын наадмаас авсан Монголын гурав дахь алтан медаль энэ бөгөөд анх удаа таеквондогийн төрлөөр, мөн анх удаа эмэгтэй тамирчин авлаа.
Таеквондогийн K44 ангилал нь хоёр гар эсвэл аль нэг гарын хэсгүүд байхгүй, үүнээс үүдсэн гарын хөдөлгөөний бэрхшээлтэй хүмүүс оролцдог онцлогтой.