Ерөнхийлөгч У. Хүрэлсүхэд Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Нгуен Дуан Тань 2024 оны 08 дугаар сарын 28-ны өдөр Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив.
Тэрбээр манай хоёр улсын “Найрамдалт хамтын ажиллагааны зарчим”-д тулгуурласан уламжлалт найрсаг харилцаа, хамтын ажиллагааг “Иж бүрэн түншлэл”-ийн түвшинд хүргэх зорилтыг бодит ажил хэрэг болгох, иргэд харилцан визгүй зорчих давуу талаа ашиглан иргэдийн солилцоог нэмэгдүүлэх, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулахад Элчин сайдыг онцгойлон анхаарч ажиллана гэдэгт итгэлтэй буйгаа тэмдэглэв.
Элчин сайд Нгуен Дуан Тань Монгол Улсад суух Элчин сайдаар томилогдон ажиллаж буйдаа баяртай байгаагаа онцлоод, Монголын ард түмэн хүнд бэрх цаг үед Вьетнамын ард түмнийг тууштай дэмжиж ирсэнд талархал илэрхийлэв.
Монгол Улсад ажиллах хугацаандаа хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг шат ахиулах, худалдаа, эдийн засаг, боловсрол зэрэг бүхий л салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэн гүнзгийрүүлэхийн төлөө идэвх санаачилгатай ажиллахаа Элчин сайд онцлов.