Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, Оманы Султант Улсын Гадаад хэргийн сайд Сайд Бадр Бин Хамад Бин Хамууд Аль-Бусайди нар наймдугаар сарын 26-ны өдөр албан ёсны хэлэлцээ хийв.
Манай хоёр орны харилцаа дипломат харилцаа тогтоосноос хойшхи 30 гаран жилийн хугацаанд улс төрийн найрсаг харилцааны хүрээнд явагдаж ирсэн бөгөөд хамтын ажиллагааг шинэ түвшинд хүргэх шаардлага байгаа гэдэгт талууд санал нэгдсэн.
Цаашид худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг нэмэгдүүлэх, уул уурхай, эрчим хүч, боловсрол, байгаль орчин, хөдөө аж ахуйн салбарт харилцан ашигтай хамтын ажиллагаа хөгжүүлэх, ингэхдээ хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх боломжийг судлахаар болов. Мөн олон улсын байгууллагуудын хүрээнд үргэлжлүүлэн хамтран ажиллахыг онцлов.
Түүнчлэн, иргэд хоорондын солилцоог бэхжүүлэх, аялал жуулчлалын салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх хүрээнд эхний ээлжинд Дипломат, албан/тусгай, үйлчилгээний паспорт эзэмшигчдийг визийн шаардлагаас чөлөөлөх тухай Засгийн газар хоорондын хэлэлцээрийг байгуулах, цаашид бүх төрлийн паспорт эзэмшигчдийг харилцан визийн шаардлагаас чөлөөлөх хэлэлцээрийг байгуулах чиглэлд хамтран ажиллахаар тохиролцлоо.
Хэлэлцээний дараа Гадаад харилцааны сайд нар “Зөвлөлдөх уулзалтын тухай Монгол Улсын Гадаад харилцааны яам, Оманы Султант Улсын Гадаад хэргийн яам хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг”-т гарын үсэг зурав.
Эх сурвалж: ГХЯ