Улсын Их Хурлын ээлжит бус чуулганы баасан гарагийн (2024.08.23) үдээс хойшхи нэгдсэн хуралдаанаар “Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн талаарх зарчмын зөрүүтэй саналуудаар санал хураасан.
Мөн Улсын төсвийн 2024 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2025-2026 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Өрийн удирдлагын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг явууллаа.
Төсвийн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэн улсын төсвийн тэнцвэржүүлсэн болон суурь тэнцлийн шалгуурт өөрчлөлт оруулж буй талаар дурдаад, урсгал зардал ДНБ-ий 30.0 хувиас, өрийн дүн 60.0 хувиас хэтрэхгүй байх хязгаар тавьж, зээлээр санхүүжиж байгаа зардлыг төсвийн зарлагад тусгахгүй байхаар тооцсон талаар тайлбарласан юм.
Сангийн сайд Б.Жавхлан, төсвийн суурь тэнцлийг жил бүр +2.0 хувь байхаар тооцсон нь 1.6 их наяд төгрөг болно гэдгийг онцолж, 2025 онд Монгол Улс 1.0 их наяд төгрөгийн өр төлөхөөр байгааг мэдээлж, үүнээс 0.6 их наядаар илүү боломжийг суллаж гаргаж ирж байна гэлээ.
Тэрбээр, улсын төсөв байнгын ашигтай байх болно гэсэн тайлбарыг Улсын Их Хурлын гишүүдэд өгч, төсвийн тусгай шаардлагуудыг сулруулсныг харин ч сайжруулж байна гэсэн юм. Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн гишүүн Ж.Дэлгэрсайхан төсвийн хүрээний мэдэгдэл, төсөөлөл болон Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд оруулж буй өөрчлөлтүүд зарлагыг ихээхэн тэлснээр хэтдээ орлогын тасалдал үүсэх, валютын ханш, инфляцын эрсдэл дагуулж болзошгүй гэж дүгнэсэн тус зөвлөлийн байр суурийг илэрхийллээ.
Улсын Их Хурлын гишүүд үг хэлсний дараа Төсвийн байнгын хорооноос гаргасан зарчмын зөрүүтэй саналын томъёоллуудаар санал хураалт явуулж эхлэв. Гэвч санал хураах явцад хэлэлцэж буй
- Монгол Улсын нэгдсэн төсвийн 2024 оны төсвийн хүрээний мэдэгдэл,
- 2025-2026 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай,
- Өрийн удирдлагын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд, мөн Монгол Улсын 2024 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай,
- Үндэсний баялгийн сангийн 2024 оны төсвийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн талаар Улсын Их Хурал дахь МАН-ын бүлгийн гишүүд байр сууриа нэгтгэх шаардлагатай болсон тул бүлгийн дарга Л.Мөнхбаатар хүсэлт гаргаж, өнөөдөр 10.00 цаг хүртэл завсарлага авлаа гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.