Идлэг шонхор шувууны нүүдэл Өвөрхангай аймгийн Тарагт суманд төвлөрч байгаатай холбогдуулан гадаад улсын иргэд олноор ирж, тэднийг барьж буй талаарх дуудлага, мэдээлэл цагдаагийн байгууллагад иржээ.
Тухайлбал, энэ сарын 06, 16-ны өдрүүдэд иргэн “Г” нь Өвөрхангай аймгийн Тарагт суманд Саудын Араб улсын иргэд хууль бусаар шонхор шувуу барьж байна гэх утга бүхий лайв бичлэг хийсэн. Үүний дагуу тус аймгийн цагдаагийн газраас шалгалтын ажиллагаа явуулахад шонхор шувуу барьсан зөрчил илрээгүй, тагтаа, ногтруу шувууг барьсан зөрчилд шалгалтын ажиллагаа явуулж байна.
Мөн тус аймгийн Уянга сумын сум дундын цагдаагийн тасгийн Хайрхандулаан сумын экологийн асуудал хариуцсан байцаагч “Ц” нь “Хууль бус ан амьтан” хэсэгчилсэн арга хэмжээний хүрээнд эргүүл, хяналт шалгалтаар явж байх үед Lexus-470 маркийн авто машиныг зогсоон шалгасан.
Ингэхэд цагдаагийн алба хаагчийн хууль ёсны тавьсан шаардлагыг биелүүлээгүй, алба хаагчийг тээврийн хэрэгслийг зогсоох гэж оролдох үед мөргөж зугтаасан байна. Зугтсан тээврийн хэрэгслийг Өвөрхангай аймгийн замын цагдаагийн хяналт, шалгалтын постуудад болон сумдад зарлан мэдээлж, эрэн сурвалжлах ажлыг үргэлжлүүлэн зохион байгуулан ажиллаж байна.
Энэ сарын 16-ны өдөр “Өвөрхангай аймгийн Тарагт сумын нутаг дэвсгэрт “Д” нь гадаад улсын иргэн болох Арабчууд биед нь халдсан” гэх дуудлага, мэдээлэл ирүүлснийг тус аймгийн цагдаагийн газраас материалжуулан шалгаж байна.
Мөн энэ сарын 17-ны өдөр “Өвөрхангай аймгийн Тарагт сумд байрлах “Хайрханы хишиг” амралтын газрын баруун талд хүмүүс маргалдаад Араб улсын иргэний унаж явсан тээврийн хэрэгсэл жалга руу орчихлоо” гэсэн мэдээлэл тус тус ирүүлснийг цагдаагийн байгууллагын төрөл мэргэжлийн албад, Өвөрхангай аймгийн цагдаагийн газрын алба хаагчдаас бүрдсэн ажлын хэсгийн бүрэлдэхүүн шалгаж байна.
Эх сурвалж: ЦЕГ