Улс оронд тулгамдсан асуудал, тулгарч буй сорилтыг хамтран илүү үр дүнтэйгээр шийдвэрлэхээ илэрхийлж бүрэн эрхийнхээ хугацаанд бүтээлчээр тогтвортой хамтран ажиллах зорилгоор “Хурдтай хөгжлийн төлөөх зориг” хамтарсан Засгийн газрын гэрээг гурван намын дарга өнөөдөр үзэглэлээ.
Энэхүү гэрээг байгуулахдаа намуудын мөрийн хөтөлбөрт туссан сонгуулийн нийтлэг зорилтыг чиглэл болгон авч үзэж, гэрээнд тусгажээ. Тухайлбал,
МАН-ын Мөрийн хөтөлбөрт туссан, Нийгмийн бодлогын шинэчлэл, бүсчилсэн хөгжлийн бодлого, авлигагүй төр, шударга ёсыг бэхжүүлэх, цахим засаглал, эхлүүлсэн томоохон төсөл хөтөлбөрийг үргэлжлүүлэн хэрэгжүүлэх зорилтууд
АН-ын мөрийн хөтөлбөрт туссан, Хүний хөгжлийн болон хувийн өмчийн эрхийн хамгаалалт, технологийн суурьтай мэдлэгийн эдийн засаг, бизнесийн хөрөнгө оруулалтын орчин болон эдийн засгийн эрх чөлөөг баталгаажуулах, шударга ёсны зорилтууд
ХҮН намын мөрийн хөтөлбөр дэх, Эрчим хүчний болон боловсролын салбарын реформ, гадаад худалдаа хөрөнгө оруулалтын асуудал, төрийн худалдан авах ажиллагааны бодлогыг шинэчлэх, төрийн өмчит компанийн засаглалыг сайжруулах зорилтуудыг тус тус удирдлага болгон өнөөдрийн “Хурдтай хөгжлийн төлөөх зориг” хамтарсан Засгийн газрын гэрээг байгууллаа.