Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийн урилгаар Америкийн Нэгдсэн Улсын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен наймдугаар сарын 1-ний өдөр Монгол Улсад албан ёсны айлчлал хийлээ.
Айлчлалын үеэр Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг албан ёсны хэлэлцээ хийсэн ба хэлэлцээний үеэр талууд Монгол Улс, АНУ-ын Стратегийн гуравдагч хөршийн түншлэлийн харилцааг өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө буйгаа нотлоод өнгөрөгч сард АНУ-ын Вашингтон хотноо зохион байгуулагдсан Иж бүрэн стратегийн яриа хэлэлцээний үеэр яригдсан зүйлүүдийг ажил хэрэг болгох талаар дэлгэрэнгүй санал солилцсон байна.
Мөн хүндэт зочин Ерөнхийлөгч, Ерөнхий сайдад бараалхсаны дараа айлчлалд зориулж “Их тэнгэр” цогцолборт Бэсрэг наадам зохион байгуулж, үндэсний өв соёлыг танилцуулжээ.
Энэ үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Төрийн нарийн бичгийн даргад морь бэлэглэсэн байна.