Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн санаачилгаар Архангай аймгийн Өгий нуурыг хамгаалах цогц ажил эхэллээ.

Ерөнхийлөгчийн Тамгын газар, Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Онцгой байдлын ерөнхий газар, Усны газар, аймгийн Засаг даргын Тамгын газрын хамтарсан ажлын хэсэг орон нутагт ажиллалаа.

АЖЛЫН ХЭСЭГ:
  • Нуурын ёроолд хаягдсан их хэмжээний загасны торнуудыг татаж гаргах,
  • Эх цутгал болох хөгшин Орхон голыг хамгаалж урсацыг сайжруулах,
  • Нуурт цутгаж буй хөгшин Орхон болон эх авч буй Хоолойн голын усархаг хэсгийг хашаалж хамгаалах,
  • Нуурын эргийн дахин төлөвлөлт хийж, хүний буруутай үйл ажиллагаанаас үүдэлтэй бохирдол үүсгэхгүй байх зэрэг ажил хийхээр тогтлоо.

25 хавтгай дөрвөлжин км талбайтай, долоон км урт, таван км өргөн энэ нуур Монгол орны төвийн бүсийн амин судас болсон цэнгэг уст нуур. Гэвч олон хүчин зүйлийн нөлөөллөөс болж 2014 оноос эрс бохирдон, экосистем нь алдагдаж эхэлсэн юм.

Ерөнхийлөгчийн санаачилга, өгсөн үүрэг, чиглэлийн дагуу “Ганга нуурыг бохирдолт, ширгэлтээс хамгаалах, урсац сайжруулах төсөл” үр дүнгээ өгсөн нь цаашид Хэрлэн, Өгий, Туул, Хөвсгөл, Буйр гээд олон нуурыг шат дараатай сэргээх цогц ажлын эхлэл болж байна.