Япон Улсын Засгийн газрын буцалтгүй тусламжаар хэрэгжих “Хүний нөөцийг хөгжүүлэх тэтгэлэгт хөтөлбөр”-ийн ноот бичигт гарын үсэг зурав.
 
290 сая иен хүртэлх үнийн дүн бүхий “Хүний нөөцийг хөгжүүлэх JDS тэтгэлэгт хөтөлбөр”-ийн солилцох ноот бичигт Элчин сайд М.Игавахара, Сангийн сайд Б.Жавхлан нар гарын үсэг зурлаа.

Монгол Улсад аж үйлдвэрийг төрөлжүүлэх зэрэг хөгжлийн асуудлыг хариуцсан төрийн байгууллага болон холбогдох яам тамгын газрын засаглалын чадавхыг сайжруулж, тогтолцоог бүрдүүлэх чадварлаг хүний нөөцийг бэлтгэх нь чухал. Япон Улс Монголын эдийн засгийн тогтвортой хөгжлийг дэмжиж ирсэн бөгөөд “Хүний нөөцийг хөгжүүлэх JDS тэтгэлэгт хөтөлбөр”-ийн хүрээнд залуу төрийн албан хаагчид Японы их дээд сургуулиудад магистр болон докторын зэрэг хамгаалах юм.

2001 оноос “Хүний нөөцийг хөгжүүлэх JDS тэтгэлэгт хөтөлбөр” Монголд хэрэгжиж эхэлсэн. Өдгөөг хүртэл нийт 416 (докторын зэрэгт 11) хүн Японд суралцжээ. Энэ хөтөлбөрийн төгсөгчид эх орондоо ирээд захиргааны байгууллага, их дээд сургууль, төв банк зэрэг олон төрлийн салбарт ажиллаж байна. Энэ удаагийн төслийн хүрээнд 2025 онд хамгийн ихдээ 16 төрийн залуу албан хаагч Япон Улсын их дээд сургуульд суралцах боломжтой.

“Хүний нөөцийг хөгжүүлэх JDS тэтгэлэгт хөтөлбөр”-ийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаас хүлээн авна уу.

  • Веб холбоос - http://jds-scholarship.org/
  • JDS Төслийн Монгол дахь Оффисын хаяг - jds.mongolia@jice.org