Б.Очирваань жилийн өмнө өөрийн дэмждэг хөлбөмбөгийн клуб болох Манчестер Юнайтедын тоглолтыг Олд Траффорд цэнгэлдэхэд очиж үзэх зорилго тавьж, дугуйтайгаа аялалд гарсан.
Тэрбээр Монголоос Их Британийн Манчестер хот хүртэл 20 улсаар дамжин 14 мянган километр замыг дугуйгаар туулсны эцэст зорилгодоо хүрч, дэмждэг хөлбөмбөгчин Уэйн Рүүнитэй ч уулзаж чадсан тухай өмнө нь мэдээлсэн.
Түүний аяллын богино түүхийг Английн Премьер лиг цахим хуудсандаа байршуулж, дэлхийн олон хүнд хүрсэн. Энэ удаад шүтэн биширдэг Манчестер Юнайтед хөлбөмбөгийн багаас түүнтэй холбогдож Олд Траффордод болох шоу тоглолтод оролцож хөлбөмбөг тоглох урилга илгээжээ. Олд Траффордод тоглох нь Б.Очирваанийн бас нэгэн мөрөөдөл байсан аж.
Энэ тухай Б.Очирваань “WhatsApp-аар чат ирэв. Шалгасан чинь Манчестер Юнайтедаас холбогдож байна гэсэн мэссэж байв.
-Чи Олд Траффордод хөлбөмбөг тогломоор байна уу?
-Тийм ээ, би маш их хүсэж байна.
- Пүрэв гаригт Олд Траффордод болох шоу тоглолтод урьж байна. Таны хичээл зүтгэл, үнэнч дэмжлэг, нийгэмд үзүүлсэн нөлөөгөөр та энэхүү тоглолтод оролцохоор боллоо” гэж бичсэн тухай цахим хуудсандаа нийтэлжээ.
Ташрамд мэдээлэхэд, “Олд Траффорд” цэнгэлдэх хүрээлэн нь Манчестер хотод байрладаг. 1910 онд нээгдсэн, 76 мянга гаруй үзэгчийн суудалтай цэнгэлдэх хүрээлэн юм.