Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар өчигдөр (2024.05.27) Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2024 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн “Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томилуулах тухай” 13, 14 дүгээр захирамжийг  УИХ-ын дарга Г.Занданшатарт хүргүүллээ.

Ерөнхийлөгчийн захирамжид:

  • Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран тавдугаар зүйлийн 1 дэх хэсэг, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгийг үндэслэн Бямбадоржийн Болдбаатарыг Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томилуулахаар УИХ-д санал болгосон байна.

Мөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2024 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн “Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томилуулах тухай” 14 дүгээр захирамжид:

  • Үндсэн хуулийн Жаран тавдугаар зүйлийн 1 дэх хэсэг, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгийг үндэслэн Рагчаагийн Батрагчааг Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томилуулахаар Улсын Их Хуралд санал болгожээ.

Бямбадоржийн Болдбаатар:

1968 онд Улаанбаатарт төрсөн. 1992 онд Москва хотын авто замын дээд сургууль, 2001 онд МУИС-ийн Хууль зүйн сургуулийг дүүргэсэн. Инженер, хуульч мэргэжилтэй.

2004 оноос УИХ-д ажиллаж эхэлсэн бөгөөд УИХ дахь “Эх орон-Ардчилал” эвслийн бүлгийн дэд дарга, УИХ дахь олонхын бүлгийн ажлын албаны дэд дарга, УИХ дахь АН-ын зөвлөлийн болон бүлгийн Ажлын албаны даргаар ажилласан.  2012 оноос УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байсан.

Рагчаагийн Батрагчаа:

1995-1999 онд “Отгонтэнгэр” Их Сургууль, Олон улсын эрх зүйч /бакалавр/, 2000-2002 онд МУИС-ийн Хууль зүйн сургууль, Хууль зүйн магистр, 2004-2005 онд Их Британийн Нью Коллеж Ноттингам, Өмгөөллийн 6-р шатны дээд курс, 2008-2009 онд Удирдлагын академи, Төрийн удирдлагын менежмент /диплом/ тус тус дүүргэсэн.

1999-2000 онд Сэлэнгэ аймгийн Зүүнхараа дахь Сум дундын прокурорын газарт хяналтын прокурор, 2001-2003 онд “Түшээ” ХЗДС-д Эрх зүйн тэнхимийн багш, 2005-2016 онд өмгөөлөл, хуулийн фирмийн захирал, өмгөөлөгч, 2016-2019 онд Төрийн орон сууцны корпораци ТӨҮГ-ын Захиргаа, санхүүгийн газрын дарга, 2019-2020 онд Нийслэлийн засаг даргын тамгын газрын дарга, 2020-2022 онд Эрчим хүчний яамны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга, 2022 оноос Шүүхийн ерөнхий зөвлөлийн Гүйцэтгэх нарийн бичгийн дарга, 2024 оноос Ерөнхийлөгчийн Хууль зүйн бодлогын зөвлөхөөр томилогдон ажиллаж байсан.