Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Хүнсний хувьсгал” үндэсний хөдөлгөөн, Монгол Улсын Засгийн газрын экспортыг дэмжих бодлогын хүрээнд Булангийн орнууд руу мах, махан бүтээгдэхүүн экспортлох хууль, эрх зүйн орчныг бүрдүүлэх, Арабын орнуудад мах, махан бүтээгдэхүүн экспортлоход тавигддаг гол шаардлага болох ХАЛАЛ гэрчилгээг Монгол Улсад олгуулах ажлыг Гадаад харилцааны яам, Монгол Улсаас Кувейт Улсад суугаа Элчин сайдын яам санаачилжээ.
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Стандарт хэмжил зүйн газар, НҮБ-ын Үйлдвэр хөгжлийн байгууллага (UNIDO) хамтран ажилласны үр дүнд Монгол Улсын Стандарт хэмжил зүйн газрыг Булангийн хамтын ажиллагааны зөвлөлийн дэргэдэх магадлан итгэмжлэлийн төвөөр итгэмжлүүлсэн бөгөөд магадлан итгэмжлэлийн гэрчилгээг Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Анхбаяр Стандарт хэмжил зүйн газрын дарга С.Батбаатарт 2024 оны 5 дугаар сарын 16-ны өдөр гардуулав.
Монгол Улсын Засгийн газрын тохируулагч агентлаг Стандарт, хэмжил зүйн газар Булангийн хамтын ажиллагааны зөвлөлийн дэргэдэх магадлан итгэмжлэлийн төвөөр итгэмжлэгдэж, энэхүү магадлан итгэмжлэлийн гэрчилгээг авснаар тус газраар баталгаажсан, халал стандартыг хангасан Монгол мах, махан бүтээгдэхүүнийг монголын хувийн аж ахуй нэгжүүд Булангийн орнууд руу экспортлох эрх зүйн орчин бүрдэж байна.
Эх сурвалж: Гадаад харилцааны яам