Улсын Нэгдүгээр Төв Эмнэлэг ОХУ-ын Красноярск мужийн төв эмнэлэг хоорондын хамтын ажиллагааны хүрээнд тус эмнэлгийн эмч нар дөрөвдүгээр сарын 16-наас нэг сарын хугацаатай УНТЭ дээр суралцлаа.
ОХУ-ын эмч нар УНТЭ-ийн элэг шилжүүлэн суулгах болон элэг цөсний замын мэс заслын чиглэлээр манай эмч мэргэжилтнүүдээс туршлага судалсан юм. Амжилттай суралцаж төгссөн ОХУ-ын эмч нарт сертификат гардуулав.
Ёслолын ажиллагааг нээж УНТЭ-ийн захирал, анагаах ухааны доктор Б.Хишигжаргал хэлсэн үгэндээ “Урьд өмнө бид гадагшаа явж суралцдаг байсан бол одоо гадны эмч мэргэжилтнүүдийг сургаж эхэлж байгаад баяртай байна. Өнгөрсөн жил бид Элэг шилжүүлэн суулгах чиглэлээр олон улсын хурлыг зохион байгуулсан.
Тэр үеийн статистик мэдээллээр манай элэг шилжүүлэн суулгах хагалгааны дараах амжилтаар дэлхийн өндөр хөгжилтэй орны үзүүлэлтээс илүү явж байсан. Энэ нь гаднын эмч мэргэжилтнүүд манайд суралцахад нөлөөлсөн байх гэж бодож байна. Цаашид хамтын ажиллагаа маань улам өргөжнө гэдэгт итгэлтэй байна” хэмээгээд сургалтад хамрагдсан дөрвөн эмчид сертификатыг нь гардуулан өгсөн юм.
Сургалтад хамрагдсан эмч нарын зүгээс нэг сарын хугацаанд маш их зүйл сурч мэдэж авсандаа баяртай байгаагаа илэрхийлээд Красноярскийн эмнэлэгт хүрэлцэн ирэхийг урьсан байна. Энэ удаагийн олон улсын сургалт нь УНТЭ-ийн хувьд олон улсын хамтын ажиллагааны хүрээнд гаднын эмч мэргэжилтнүүдийг өөрийн эмнэлэг дээр сургасан анхны тохиолдол болж байгаа бөгөөд цаашид гаднын улс орны олон эмч мэргэжилтэнг эх орондоо сургаж туршлага хуваалцах аж.
УНТЭ-ийн хувьд 2011 оноос эхлэн элэг шилжүүлэн суулгах ажилбар эхэлсэн бөгөөд 2014 оноос манай эмч нар бие даан хийж эхэлсэн. Өнөөдрийн байдлаар 260 гаруй хүнд элэг шилжүүлэн суулгасан байна. Түүнчлэн Буриад улсаас эмч мэргэжилтнүүдээ манайд сургах хүсэлтээ ирүүлсэн бөгөөд удахгүй сургалтыг зохион байгуулна.