УНТЭ-ээс Олон улсын сувилагчдын өдрийг тохиолдуулан нийт сувилагчдынхаа дунд "Амилуулах үеийн суурь тусламж, хөх код идэвхжих үеийн арга хэмжээ" сэдэвт ажил мэргэжлийн уралдааныг тавдугаар сарын 10-ны өдөр зохион байгууллаа.
Арга хэмжээг нээж УНТЭ-ийн Ерөнхий захирал, анагаах ухааны доктор Б.Хишигжаргал “Манай эмнэлгийн ажиллах хүчний цөм болсон сувилагч, тусгай мэргэжилтнүүддээ Олон улсын сувилагчдын өдрийн баярын мэнд хүргэе. Өнөөдрийн байдлаар манай эмнэлэгт 400 гаруй сувилагч, тусгай мэргэжилтэн ажиллаж байна.
Дэлхий нийтээр сувилагчийн орон тооны хомсдолд орж, сувилагч нарын ажлын ачаалал нэмэгдэж байгаа. Тийм учраас бид сувилагч, тусгай мэргэжилтнүүдийнхээ ажлын ачааллыг багасгах, ажиллах орчин нөхцөлийг бүрдүүлэх, нийгмийн асуудлыг шийдвэрлэх тал дээр онцгой анхаарал хандуулан ажиллаж байна. Сувилахуйн албанаас олон улсын сувилагчдын өдрийг "мэргэжил, ур чадвараараа өрсөлдье" гэсэн уриан дор тэмдэглэн өнгөрүүлэх санаачилга гаргасныг эмнэлгийн захиргааны зүгээс дэмжин энэхүү ажил мэргэжлийн уралдааныг зохион байгуулж байна. Та бүхэндээ Олон улсын сувилагчдын өдрийн баярын мэндийг хүргэж, нийт сувилахуйн багууддаа уралдаан тэмцээнд нь амжилт хүсье” хэмээв.
Ажил мэргэжлийн уралдаанд сувилагчдын нийт 16 баг оролцсон бөгөөд багуудын мэндчилгээ, өртөөний тэмцээн, багаар амилуулах суурь тусламж үзүүлэх тэмцээн гэсэн 3 үе шаттай явагдлаа. Тэмцээний ерөнхий шүүгчээр УНТЭ-ийн Эмнэлзүй эрхэлсэн дэд захирал, АУ-ны доктор О.Баярмаа, багуудын мэндчилгээний шүүгчдээр УНТЭ-ийн ТУЗ-ийн гишүүн, АУ-ны доктор Д.Баян-Өндөр, Сургалт, эрдэм шинжилгээ, инноваци эрхэлсэн дэд захирал П.Анхтуяа, Сувилахуй эрхэлсэн дэд захирал Ц.Амаржаргал нар ажиллалаа.
Харин багаар амилуулах суурь тусламж үзүүлэх тэмцээниий шүүгчдээр ХӨСҮТ-ийн Эрчимт эмчилгээний тасгийн зөвлөх эмч, клиникийн профессор Ц.Чинбаяр, УГТЭ-ийн Яаралтай тусламжийн төвийн эрхлэгч О.Янжив, ТТАХНЭ-ийн Яаралтай тусламжийн төвийн эрхлэгч Н.Энхдөл нар ажилласан бол амилуулах суурь тусламжийн өртөөний тэмцээнийг УНТЭ-ийн ЯТТ-ийн их эмч Б.Хосбаяр, Н.Сүхбат, М.Тэгшбаяр, Э.Учрал, М.Ундраа нар шүүн явуулсан юм.
Тэмцээний:
- Тэргүүн байр: Эрүүл мэндийг дэмжих төв, Бөөрний төвийн хамтарсан “Бид эрүүл мэндийн брэнд” баг
- Дэд байр: Эрхтэн шилжүүлэн суулгах төвийн “Энхийн эзэд” баг
- Гутгаар байр: Мэдрэлийн эмнэлзүйн “Нейрон” баг тус тус шалгарч өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнаж урамшуулав.
Мөн энэ үеэр “Эрүүлийг хамгаалахын тэргүүний ажилтан” хүндэт тэмдгээр Эрүү нүүрний мэс заслын тасгийн сувилагч Т.Отгонцэцэг, Ариутгал, халдваргүйтлийн тасгийн ариутгагч Л.Түвшинжаргал нар, Эрүүл мэндийн яамны “Жуух бичиг”-ээр Гастроэнтерологийн төвийн сувилагч Д.Нансалмаа, Эрүүл мэндийг дэмжих төвийн сувилагч Б.Янжиндулам, мөн тус төвийн сувилагч Н.Оюунжаргал, Эрчимт эмчилгээний тасгийн туслах сувилагч Б.Сарантуяа нарыг тус тус шагнав.