Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Бүгд Найрамдах Солонгос Улсын Үндэсний Ассамблейн дэд дарга, Ким Ён Жү-г хүлээн авч уулзах үеэр ирэх сард Солонгосоос нарийн мэргэжлийн эмч нар долоо хоногийн хугацаатай Монголд ирнэ гэдгийг хатагтай Ким Ён Жү хэллээ. 

Уулзалтын эхэнд УИХ-ын дарга Монгол Улс, БНСУ-ын улс төрийн итгэмжилсэн харилцааг бэхжүүлж, харилцааны эрх зүйн орчныг бэхжүүлэхэд хоёр улсын хууль тогтоох дээд байгууллага хоорондын хамтын ажиллагаа чухал үүрэгтэй. БНСУ-ын Үндэсний Ассамблейн дэд даргын зүгээс хоёр улсын парламентын хамтын ажиллагааг хөгжүүлэхэд ач холбогдол өгч, анхаарч ирсэнд талархалтай байдаг.

Таны Монгол хүүхдийн эрүүл мэндийн төлөөх чин сэтгэлийн хичээл, зүтгэлийн үр дүнд “Хүүхдийн өвчлөл эрүүл мэндийг дэмжих” төсөл амжилттай хэрэгжсэн. Өнгөрсөн жил “БНСУ дахь гадаад иргэдийн хүүхдийн эрүүл мэнд, нийгмийн халамж ба тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх нь” хэлэлцүүлгийг санаачлан зохион байгуулж, хүүхдийн эрхийг хамгаалах эрх зүйн зохицуулалтыг шинэчилсэн нь хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд чухал түлхэц үзүүлсэн гэлээ.
БНСУ-ын Үндэсний Ассамблейн дэд дарга Ким Ён Жү “Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ” олон улсын чуулга уулзалтад хоёр дахь жилдээ оролцох урилга илгээсэнд талархал илэрхийлэв. Тэрбээр өнгөрсөн жил хоёр өдрийн турш олон улсын эрдэмтэн, судлаачид, улс төрчид жендэрийн асуудлыг авч хэлэлцэж, үр дүн гаргасныг онцлоод энэ удаад энх тайвны асуудлыг хөндөж байгаа нь олон улсын нөхцөл байдал эгзэгтэй байгаа өнөөгийн цаг үед чухал ач холбогдолтой болохыг тэмдэглэлээ.

Хатагтай Ким Ён Жү хэлсэн үгэндээ, манай хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаа эрчимжиж, хууль тогтоох байгууллага хоорондын ойр дотно харилцаа бэхжиж байна. Бид Монгол хүүхдийн эрүүл мэндийн төлөөх төслөө энэ жил үргэлжлүүлэхээр бэлтгэл ажлаа хангаж байгаа бөгөөд тавдугаар сард Солонгосоос нарийн мэргэжлийн эмч нар долоо хоногийн хугацаатай ирэхээр болсон. Бидний цаашдын хамтын ажиллагааг бусад салбарт өргөжүүлэн хөгжүүлэхэд Улсын Их Хурлын даргын дэмжлэг чухал хэмээв.
УИХ-ын дарга Г.Занданшатар БНСУ-ын Үндэсний Ассамблейн дэд дарга Ким Ён Жүний хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд идэвх зүтгэл гарган, үнэтэй хувь нэмэр оруулсныг онцлоод Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн БНСУ-ын Ерөнхийлөгч Эрхэмсэг ноён Юн Сог Ёль-ийг Монгол Улсад айлчлахыг урьсан урилгыг дахин нотлов. Уг айлчлал нь манай хоёр орны “Стратегийн түншлэл”-ийн харилцааг бататгаж, худалдаа, эдийн засгийн агуулгаар баяжуулан хөгжүүлэхэд чухал үйл явдал болох бөгөөд айлчлалыг бодит ажил хэрэг болгоход БНСУ-ын Үндэсний Ассамблейн дэд даргын зүгээс анхаарал хандуулахыг хүслээ хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.