УИХ-ын гишүүд "Эрин эверест интернэшнл" сургуулийг төрийн өмчит болгох саналыг хотын даргад хүргүүлжээ. Энэ дагуу Хотын дарга Х.Нямбаатар өнөөдөр Баянгол дүүргийн 29 дүгээр хороонд байрлах "Эрин эверест интернэшнл" сургуулийн төлөөлөлтэй уулзаж төрийн өмчит болгох болон нийтийн эдэлбэр газрын замыг чөлөөлөх асуудлаар ярилцав.
Хотын дарга Х.Нямбаатар “Баянгол дүүргийн 29 дүгээр хороонд байрлах Эрин хороолол орчимд 11000 иргэн оршин суудаг. Гэсэн хэдий ч уг байршилд төрийн өмчийн сургууль байхгүй. Иймээс оршин суудаг хүүхдүүдийн ихэнх хувь нь замын цаана нэгдүгээр хорооллын “Ирээдүй цогцолбор” сургууль болон 10-р хорооллын “Эрдмийн өргөө цогцолбор” сургуульд хол очин суралцдаг. Тухайн бүсэд байгаа хувийн хэвшлийн сургуулийг төрийн өмчид авах гэрээ хийгдвэл олон хүүхдүүд болон эцэг эх хол явах шаардлагагүй болно” хэмээлээ.
Түүнчлэн сургууль цэцэрлэгийн байгууламж байхгүй Хархорин, Өнөр хороолол, Эрин хороололд амьдарч буй сургуулийн насны 3900 хүүхдүүдийн асуудлыг шийдэхийн тулд хэлэлцээр хийж шийдэл гаргахаа хотын дарга онцоллоо.
“Эрин интернэшнл ХХК”-ийн дэд захирал Д.Даваасүрэн “Эрин хорооллыг 2011 онд Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газраас сургууль төлөвлөх хүсэлт тавьсны дагуу бид төлөвлөж улсын хөрөнгөөр бариулах хүсэлт удаа дараа тавьсан боловч 2019 онд олон улсын сургууль болох зорилготойгоор Япон Улсын хөрөнгө оруулалттайгаар байгуулагдсан.
Одоо хувийн чиглэлээр үйл ажиллагааг явуулж байгаа. 960 хүүхэд нэг дор хүлээн авах хүчин чадалтай, бүх анги тэнхимийн лаборатори нь орчин үеийн багаж хэрэгслээр тоноглогдсон хамгийн сүүлийн үеийн олон улсын стандартаар бүрэн стандартын дагуу байгуулагдаж үйл ажиллагаагаа явуулж байгаа. Хүүхдийн сурах таатай орчин нөхцөлийг бүрэн хангасан” гэж хэлэв.
Мөн тэрбээр сургуулийг төрийн өмчит болох асуудалд аж ахуйн нэгж хоорондын гэрээний дагуу үнэ тохиролцож ширээний ард ярилцахад бэлэн гэдгээ илэрхийллээ.
Эх сурвалж: НЗДТГ