Монгол Улсын Төрийн тэргүүн, Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар ХБНГУ-ын Ерөнхийлөгч Франк-Вальтер Штайнмайэр Монгол Улс, ХБНГУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсад төрийн айлчлал хийсэн.
Энэ үеэр Герман Улсын Гадаад харилцааны яамны Улс төрийн архивт хадгалагдаж байгаа 1925 онд тус улсад эрдэм сурахаар зорьсон 35 хүүхдийн 125 хуудас бүхий архивын баримтыг албан ёсны зөвшөөрөлтэйгээр манай улсын төрийн тэргүүнд хүлээлгэн өгснийг өчигдөр /2024.04.17/ Ерөнхийлөгчийн Тамгын газраас үндэсний архивын сан хөмрөгт шилжүүлэн өгсөн байна.
Эдгээр баримтыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Гадаад бодлогын зөвлөх Э.Одбаяр, Боловсрол шинжлэх ухаан, технологийн бодлогын зөвлөх Ч.Лодойравсал, Хууль зүйн бодлогын зөвлөх Р.Батрагчаа нар Архивын ерөнхий газрын дарга С.Энхбаатар, Үндэсний төв архивын захирал Т.Сайнжаргал нарт хүлээлгэн өгчээ.
Эдгээр баримтын агуулгаас онцлоход их зохиолч Д.Нацагдорж, мэргэн гүн М.Гомбожав, Н.Наваанюндэн нарын 35 хүүхэд тухайн үеийн Москва дахь Германы элчин сайдын яаманд хүсэлт гаргасан, тэдгээрийн анкет, Санкт-петербург дэх Консулын газраас виз авах хүсэлтийг дамжуулж, нийслэл Берлин хотоос зөвшөөрөл нь ирж байсан тухай болон Монголоос Оросын нутгаар усан онгоцоор дамжаад одоогийн Польш улсын боомтоор дамжин гарсан тухай зэрэг баримтад өгүүлжээ.
Эдгээр өрнөдөд суралцсан сурагчид нь ХХ зууны Монголын соёл урлаг, боловсрол, шинжлэх ухаан, аж үйлдвэрийн салбарын тэргүүлэх сэхээтнүүд болсон бөгөөд өнөөгийн Герман улстай тогтоосон найрсаг харилцаа, хамтын ажиллагааны бодит хөрс, үндэс суурийн эхлэлийг тавьсан гэж үздэг. Эдгээр зүтгэлтнүүдийн намтар түүхэнд холбогдох хувийн гаралтай баримт болох Германы архивын сан хөмрөгт хадгалагдаж байгаа 125 хуудас баримтаар Үндэсний төв архивын сан хөмрөгийг баяжууллаа.