Гадаад харилцааны дэд сайд Г.Амартүвшин өнөөдөр БНСУ-аас Монгол Улсад суух Элчин сайд Чой Жин Воныг хүлээн авч уулзаж, Итгэмжлэх жуух бичгийн хуулбарыг гардан авав.
Уулзалтын үеэр дэд сайд Г.Амартүвшин Монгол Улс, БНСУ-ын харилцаа, хамтын ажиллагаа “Стратегийн түншлэл”-ийн өндөр түвшинд бүхий л салбарт өргөжин хөгжиж байгааг онцлоод цаашид хоёр талын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, иргэдийн солилцоог дэмжих, олон улс болон бүс нутгийн тавцан дахь хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн бэхжүүлэхийн төлөө байгааг тэмдэглэж, Элчин сайдад ажлын өндөр амжилт хүсэв.
Элчин сайд Чой Жин Вон Монгол Улсад дахин ирж, энэ удаад Элчин сайдын хувиар Монгол Улсад томилогдон ажиллах болсондоо баяртай буйгаа илэрхийлэв. Тэрээр хоёр орны улс төр, худалдаа, хөрөнгө оруулалт, эдийн засгийн хамтын ажиллагааг улам гүнзгийрүүлэн хөгжүүлэх, энэ хүрээнд Монгол Улс, БНСУ-ын хооронд Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр байгуулах ажлыг эрчимжүүлэх, иргэд хоорондын хэлхээ холбоог бэхжүүлж, аялал жуулчлалын салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд онцгойлон анхаарч ажиллахаа илэрхийлэв.