Үндэсний Статистикийн Хороо, Хэлний Бодлогын Үндэсний Зөвлөл болон Төрийн Албаны Зөвлөл хамтран Төрийн албан хаагчдын үндэсний бичгийн мэдлэг тодорхойлох хоёр дахь шатны судалгааг зохион байгуулж байна.
Судалгааны дүнг энэ сарын 29-нд нэгтгэн, 5 дугаар сард “Үндэсний бичиг үсгийн баяр”-ын үеэр нийтэд танилцуулах юм.
“Монгол хэлний тухай” хуульд заасны дагуу төрийн болон нутгийн өөрөө удирдах байгууллага албан хэргээ 2025 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн кирилл болон үндэсний хос бичгээр хөтлөн явуулахаар бэлтгэж буй.
Тиймээс “Монгол хэлний тухай” хууль, “Монгол бичгийн үндэсний хөтөлбөр III”-ийн хэрэгжилтийг дүгнэх, цаашид үндэсний бичгийн талаар төрөөс авч, хэрэгжүүлэх бодлого, дүрэм, журам, үндсэн чиглэлийг боловсруулахад шаардлагатай тоо, мэдээллийг бүрдүүлэх, төрийн албан хаагчдын үндэсний бичгийн мэдлэгийн ахицын үнэлгээг нарийвчлан тогтоох зорилгоор энэхүү судалгааг зохион байгуулж байгаа юм.
Төрийн албан хаагчид та бүхнийг энэхүү судалгаанд идэвхтэй оролцож, асуулгад үнэн зөв хариулахыг уриалж байна.
Эх сурвалж: ҮСХ