Улсын Их Хурлын 2024 оны хаврын ээлжит чуулганы 2024 оны 03 дугаар сарын 21-ний үдээс хойших нэгдсэн хуралдаан 14 цаг 9 минутад эхэллээ. Хуралдаан даргалагч Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар хуралдааныг нээж, үдээс өмнөх хуралдаанаар хэлэлцэж эхэлсэн Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийн 2023 оны биелэлт, Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 2020-2023 оны хэрэгжилт, Монгол Улсын хөгжлийн 2023 оны төлөвлөгөөний гүйцэтгэлийн тайлангийн хэлэлцүүлгийг үргэлжлүүлсэн юм.

Уг асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Жаргалмаа хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг нийгмийн амьдралд оролцох, ажил хөдөлмөр эрхлэх чиглэлээр ямар арга хэмжээ авч байгааг тодруулж, нийслэлийн Сонгинохайрхан дүүрэг дэх эрчим хүчний хүртээмжийг нэмэгдүүлэх, шинэ эх үүсвэр бий болгоход хэрхэн анхаарсан талаар асуухад Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяа хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтэд зориулж тодорхой төсөв тусгуулж ирсэн гэсэн бол Эрчим хүчний яамны төрийн нарийн бичгийн дарга Н.Тавинбэх эрчим хүчний эх үүсвэрийг нэмэгдүүлсэн гэж хариуллаа.

Улсын Их Хурлын гишүүн Б.Баярсайхан, “Эрдэнэт” төрийн өмчит үйлдвэрийн газраас 100 тэрбум төгрөгийн санхүүжилтийг шийдвэрлүүлэн төрийн өмчийн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, дотуур байрны нүхэн жорлонг орчин үеийн стандарт, шаардлагад нийцсэн ариун цэврийн байгууламжаар солих ажлыг эхлүүлсэн. Увс, Завхан, Баян-Өлгий зэрэг таван аймагт очиж, барилгын гүйцэтгэлтэй танилцахад материалын чанар муу, гүйцэтгэл удааширсан байдалтай, сэтгэл дутсан зүйл ажиглагдлаа. Нэмж нэг сая евро дутсан гэх асуудал гарсныг тайлбарлахыг хүсэв. Хот, хөдөөгийн сэргэлтийн зорилтын хүрээнд, хүүхдийн эрүүл, аюулгүй орчинд сурч боловсрох орчинг сайжруулах зэрэг хүний эрхийн олон асуудлыг шийдэх чухал ач холбогдолтой ажилд ёс зүйгүй хандаж, төсвийн мөнгийг үргүй зарцуулсанд харамсаж байна гэв.

Улсын Их Хурлын гишүүн, Барилга, хот байгуулалтын сайд Ц.Даваасүрэн асуултад хариулахдаа гишүүнтэй санал нийлнэ гээд, эхнээсээ “мордохын хазгай” гэгч болсон. Нэгэнт тендер шалгаруулалтад орж, шалгарсан бол шалтаг тоочих хэрэггүй. Ариун цэвэр байгууламжийн барилгын тендер шалгаруулалт тун тааруу болсон. Төслийн удирдлагын багийг мэргэжлийн хүнээр удирдуулах шаардлагатай. Барилгын ажлыг гүйцэтгүүлэх, засаж, залруулах ажлыг эхнээс нь хийгээд явж байна гэсэн бол Боловсрол, шинжлэх ухааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Х.Батжаргал, анх 100 тэрбум төгрөгийн санхүүжилтээр барихаар төлөвлөсөн боловч тухайн үед барилгын зураг төсөл хийгдээгүй байсан зэрэг олон шалтгааны улмаас зардал өссөн хэмээв. Харин Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар, саяхан Засгийн газрын хуралдаанд зөвхөн Дорнод аймгийн ариун цэврийн байгууламжийг шийдэх санал орж ирсэн. Бусад аймгийн ажлын явцыг нягталж, нэмж шийдвэрлэхээр буцаасан гэсэн юм. Улсын Их Хурлын гишүүн Б.Баярсайхан, ариун цэврийн байгууламжийн гүйцэтгэлд шалгалт оруулж, шаардлагатай бол барилгын ажлыг зогсоогоод эхнээс нь чанарын шаардлага хангуулж, стандартын дагуу бариулах хэрэгтэй гэхэд Барилга, хот байгуулалтын сайд Ц.Даваасүрэн “Маш зүйтэй санал байна. Дэмжиж байна. Шалгах ёстой” хэмээв.

Улсын Их Хурлын гишүүн Н.Ганибал, сүүлийн таван жилд улс орныг хөгжүүлэх хөтөлбөрийг бид хэлэлцэж байна. Монголын ард түмэн “муу” үнэлгээ өгч байгаа. Дотоодын үйлдвэрлэлээ дэмжиж байж, аливаа улс орон хөгжинө. Улаанбаатар хотод метро барих тухай яриад эхэлжээ. Ямар төсөв хөрөнгөөр, хэдий хугацаанд баригдах талаар Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулж, хэлэлцүүлэхгүй юм уу гэж асуув. Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч П.Сайнзориг нийслэлийн үе, үеийн Засаг дарга нарын мөрийн хөтөлбөрт нийтийн тээврийн чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, багтаамж ихтэй нийтийн тээврийг хөгжүүлэх бодлогыг тусгаж ирсэн. Метроны зөвлөх үйлчилгээ, барилга угсралтын ажилд нийслэлийн төсөвт 380 тэрбум төгрөгийг тусгуулсан гэсэн хариултыг өгсөн юм.

Түүнчлэн хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн С.Одонтуяа, Б.Баттөмөр, О.Цогтгэрэл, Г.Мөнхцэцэг, Г.Занданшатар нар асуулт асууж, байр сууриа илэрхийллээ. Тухайлбал малчдын зээлийн хүүг бууруулах, хөгжлийн индексийг дээшлүүлэх чиглэлээр ахисан зүйлгүй, төлөвлөгөөний биелэлтэд тавьсан дүн  боломжийн мэт боловч бодит үр дүн өөр байгааг шүүмжилж, аудитын үнэлгээг бодитой, хараат бус хийхийг сануулж, номын сангийн барилгыг хэзээ ашиглалтад оруулах, малын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг экспортлох хэлэлцээрийг ажил хэрэг болгох зэрэг асуудлыг хөндөн хэлэлцэв. Засгийн газрын гишүүдийн зүгээс төлөвлөгөөний зарим төсөл, арга хэмжээ бүрэн хэрэгжээгүй шалтгаан нөхцөл нь  гэнэтийн болон давагдашгүй хүчин зүйлс тохиолдсон буюу цар тахлын үе таарсан, Төрийн хэмнэлтийн тухай хуулийг хэрэгжүүлж, төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээг хязгаарласантай холбоотой хэмээн тайлбарлаж, давагдашгүй хүчин зүйлээс хамааралтай тохиолдолд харгалзан үздэг байвал зохино гэсэн юм.

Ийнхүү Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн 17 дугаар зүйл, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 114 дүгээр зүйлд заасны дагуу Улсын Их Хурал Монгол Улсыг хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн явцын тайланг Улсын хөгжлийн жилийн төлөвлөгөөний гүйцэтгэлийн тайлантай нэгтгэн хянан хэлэлцлээ.

 

Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар, Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын болон Эдийн засгийн байнгын хорооны хамтарсан хуралдааны санал, дүгнэлт, чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаас дүгнэхэд цаашид Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийг эрчимжүүлэх шаардлагатай байна. Улсын Их Хурлын Тамгын газрын Хяналт, шалгалт, үнэлгээний газраас хийсэн дүгнэлтээр “Хөтөлбөрийн хэрэгжилтийг эрчимжүүлэх шаардлагатай” гэж үнэлсэн. Одоо оройтоогүй байна. Үлдсэн хугацаандаа нийгэм, эдийн засагт үр ашигтай, даацтай бодлого боловсруулж, хэрэгжүүлэх хэрэгтэй гэв.