Үндэсний Баялгийн сангийн тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ.
Засгийн газар ирэх долоо хоногт Баялгийн сангийн тухай хуулийн төслийг хэлэлцсэний дараа, УИХ-д өргөн мэдүүлэхээр болсноо мэдээллээ. Энэхүү хуульд Ирээдүйн өв сан, Хуримтлалын нэгдсэн сан, Хөгжлийн сангууд хамаарахаар тусгасан байна.
Ирээдүйн өв сан нь ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрөөс бүрдсэн орлогын 65 хувиар санхүүжиж, хуримтлал үүснэ. Тус сан нь 2030 он хүртэл хуримтлалаа үүсгэж, түүнээс хойш хуримтлагдсан хөрөнгөөр ирээдүйд хөрөнгө оруулалт хийх зорилготой байхаар байна.
Мөн Хуримтлалын нэгдсэн сангийн хүрээнд иргэн бүр өөрийн нэрийн данстай байхаар тусгажээ. Тус санд төвлөрсөн хөрөнгийг орон сууц, боловсрол, эрүүл мэндийн чиглэлийн үйлчилгээнд бэлэн бусаар зарцуулах зохицуулалт бүхий хязгаарлагдмал сан байхаар байна.
Харин Орон нутгийн хөгжлийн санг бүс нутгийн хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэх чиг үүрэгтэй хөгжлийн сан болгохоор хуулийн төсөлд тусгасан байна.
2023 оны гүйцэтгэлээр тооцож үзэхэд Ирээдүйн өв санд АМНАТ-аас Тогтворжуулалтын сан, Орон нутгийн хөгжлийн санд хуваарилсны дараа 833.2 тэрбум төгрөгийн эх үүсвэртэй байгаа аж. Харин Хуримтлалын нэгдсэн санд 1.1 их наяд төгрөг, Хөгжлийн санд 326.7 тэрбум төгрөгийн эх үүсвэртэй байх тооцоо гарчээ.
З.Энхболор