Нийгмийн даатгалын системийн шинэчлэлийн асуудлаар НДЕГ-ын дэргэдэх Мэдээллийн технологийн төвийн хэлтсийн дарга Д.Энхбатаас тодрууллаа.
-Нийгмийн даатгалын шинэ системийг нэвтрүүлж буй ажлын явц ямар түвшинд байна вэ?
-Нийгмийн даатгалын мэдээллийн системийг шинэчлэх, хөгжүүлэх ажлыг ITZone ХХК 2019- 2023 оны хооронд гүйцэтгэсэн. Мэдээллийн шинэ системийг 2024 оны нэгдүгээр сарын 2-ны өдрөөс эхлэн үе шаттайгаар нэвтрүүлж буй юм. Шинэ системээр нийгмийн даатгалын үйлчилгээ авах 83777 хүсэлт ирүүлснээс 41 хувь нь цахимаар хүсэлтээ илгээсэн, 59 хувь нь биеэр ирж хүсэлтээ өгсөн. Үүнээс 2024 оны гуравдугаар сарын 14-ний байдлаар дараах үйлчилгээг үзүүлээд байна. Үүнд:
- Нас барагчийн гэрт олгох тэтгэмжийг нэгдүгээр сарын 2-ны өдрөөс эхлэн олгосноор 2294 хүний тэтгэмжийг олгосон
- Сайн дурын даатгалын гэрээ байгуулах, сунгах, шимтгэл төлөх хүсэлтийг нэгдүгээр сарын 19-ний өдрөөс эхлэн хүлээн авснаар 27191 хүсэлтийг шийдвэрлэсэн
- Жирэмсний болон амаржсаны, ажилгүйдлийн тэтгэмж авах хүсэлтийг нэгдүгээр сарын 19-ний өдрөөс эхлэн хүлээн авснаар 13037 хүсэлтийг шийдвэрлэсэн
- Хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмж авах хүсэлтийг хоёрдугаар сарын 6-ны өдрөөс эхлэн хүлээн авснаар 10515 хүсэлтийг шийдвэрлэсэн
- Шинээр тэтгэвэр тогтоолгох 4163 хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэсэн.
- Ажил олгогчдын нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн нэгдүгээр сарын тайланг хоёрдугаар сарын 15-аас хүлээн авах системийг нэвтрүүлснээр 36030 ажил олгогч тайлангаа илгээгээд байна.
Давхардсан тоогоор 523 мянган тэтгэвэр авагчийн 1, 2, 3 дугаар сарын бүх төрлийн тэтгэврийг хугацаанд нь олгоод байна.
-Хүлээгдэж байгаа тэтгэвэр, тэтгэмжийг хэдийнээс олгож эхлэх вэ. Тухайлбал, жирэмсний амралтын мөнгөө авах хүсэлтээр 2-р сарын 5-ны өдөр бүрдүүлж өгсөн ч өнөөг хүртэл мөнгө нь ороогүй байна гэж нэг иргэн бидэнд хандсан?
-Ажил олгогчид нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайлангаа хоёрдугаар сарын 15-наас эхэлж илгээсэн бөгөөд тайланг шинэ системээр хүлээн авч, шалгах, баталгаажуулахад тодорхой хугацаа шаардагдсанаас 2024 оны нэгдүгээр сарын цалин хөлснөөс тэтгэвэр, тэтгэмжээ бодуулах даатгуулагчдын тэтгэвэр, хөдөлмөрийн чадвар түр алдсаны, жирэмсний, амаржсаны, ажилгүйдлийн тэтгэмж олгогдоогүй хүлээгдэж байсныг өнөөдрөөс олгох боломж бүрдлээ.
Аймаг, дүүргийн Нийгмийн даатгалын газрууд хөдөлмөрийн чадвар түр алдсаны, жирэмсний, амаржсаны, ажилгүйдлийн тэтгэмжийн бодолтыг өнөөдрөөс эхлэн хийж, энэ амралтын өдрүүдэд ажиллаж бодолтыг дуусгаж тэтгэмжийг даатгуулагчдын дансанд 1 дэх өдрөөс эхлэн шилжүүлнэ.
-Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагаа, тодорхойлолтыг хэзээнээс цахимаар авах боломж бүрдэх вэ?
-Даатгуулагч, ажил олгогчид нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн 2023 оны лавлагааг цахимаар авч байгаа бөгөөд харин 2024 оны лавлагааг харьяа Нийгмийн даатгалын газраас биеэр очиж авч байна. Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авах даатгуулагчийн хувьд 2023 оны 12 дугаар сарын шимтгэлээ төлсөн бол эрүүл мэндийн байгууллага, эмийн сан үйлчилгээ үзүүлж байна.
2024 оны нэгдүгээр сарын нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайлангаа нийгмийн даатгалын байгууллагад ирүүлсэн ажил олгогч, даатгуулагч маргаашаас буюу 3 дугаар сарын 15-наас эхлэн шимтгэл төлөлтийн лавлагааг portal.ndaatgal.mn вебээс цахимаар авах боломжтой боллоо. Түүнчлэн 2024 оны гуравдугаар сарын 18-наас харилцагч төрийн байгууллагууд, тухайлбал Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар, Төрийн худалдан авах ажиллагааны газар, төрийн мэдээлэл солилцооны ХУР системд ажил олгогч, даатгуулагчдын шимтгэл төлөлтийн мэдээллийг шилжүүлж, нийгмийн даатгалын цахим үйлчилгээ хэвийн ажиллаж эхэлнэ гэв.