Д.Кёкүшюзанбатбаяр нарт холбогдох хэргийн гэм буруугийн шүүх хуралдааныг өнөөдөр 10.00 цагт товлосон.
Гэвч шүүх хуралдаанд оролцвол зохих гэрч Ц.Энхтөр болон иргэний нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Эрдэнэсувд хүндэтгэн үзэх шалтгааны улмаас шүүх хуралдаанд ирээгүй тул хуралдааныг хоёрдугаар сарын 28-ны өдрийн 10:00 цаг хүртэл хойшлууллаа.
Шүүгдэгч нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ болон Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.
Прокурорын байгууллагаас Д.Кёкүшюзанбатбаяр Н.Болормаа, Б.Цэрэндорж, Т.Баясгалан нарт Эрүүгийн хуулийн 17.3-2.2, 18.6-1-т зааснаар буюу мөнгө угаах, залилах гэмт хэрэг үйлдсэн гэж үзэн яллах дүгнэлт үйлдэж Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлээд буй.
Эх сурвалж: Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн тамгын газар