Франц улсын Нант хотын Үндэсний түүхийн музей, Чингис хаан үндэсний музей хамтарч аравдугаар сарын 13-нд Нант хотын музейд“Чингис хаан, монголчууд дэлхий дахиныг өөрчилсөн нь” сэдэвт олон улсын үзэсгэлэнг нээх гэж байна. Энэ үзэсгэлэнгийн талаар “Чингис хаан” музейн захирал, академич С.Чулуунаас тодрууллаа. Франц улсад Төрийн айлчлал хийхээр өнөөдөр /2023.10.10/ мордсон Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энэ үзэсгэлэнг нээх юм. 

-Чингис хаан сэдэвт олон улсын үзэсгэлэнд ямар үзмэрүүдийг дэлгэх вэ?
-Үзэсгэлэнд Монгол, Франц улсад хадгалагдаж байгаа үзмэрүүдээс гадна Европын орнуудад хадгалагдаж буй эзэнт гүрний үеийн сонирхолтой дурсгалуудыг нэгэн дор цуглуулах юм. Берлин хотын Номын сангийн сан хөмрөгт хадгалагддаг XIV зууны үеийн Иранд байсан Монголын Ил хаант улсын үеийн зураг, Италийн Азийн урлагийн музей, Бельгийн Брюссель хотын хувь цуглуулагч гэх мэт олон байгууллага, хувь хүн оролцож байна.

Францын Луврын музей, Жак Ширакийн нэрэмжит Брэнли музейнүүдийн сан хөмрөгт хадгалагддаг Монголын эзэнт гүрэнтэй холбоотой Монголын алтан ургийн улс, Ил хаант улсын түүхтэй холбоотой үзмэрүүдийг цогцоор нь дэлгэх юм. Нийт 800-гаад үзмэртэй үзэсгэлэн гарна. Монгол Улсаас 400-гаад үзмэр орно. Үзэсгэлэнг Соёлын яамнаас зохион байгуулж, “Чингис хаан” үндэсний музей хариуцан, Соёл урлагийн агентлаг, ШУА-ийн Археологийн хүрээлэн, Монгол Улсын Үндэсний музей, Хархорум музей болон хувь цуглуулагчид хамтран зохион байгуулж байна.

Франц улсын ерөнхийлөгч Монгол Улсад албан айлчлал хийхдээ Чингис хаан музейд зочилсон. Үзэсгэлэнгийн зохион байгуулалтын ажлыг шуурхай явуулахад Монгол Улсад болон Франц улсад ажиллаж буй ЭСЯ-д идэвхтэй ажилласан. Дэлхийн томоохон хэвлэл мэдээллийн хэрэгслүүд анхаарал хандуулж, үзэсгэлэнгийн талаар мэдээлж байна. Энэ бүхэн Монголд аялал жуулчлалыг хөгжүүлэхэд ач холбогдолтой юм.

-Монголын түүх, соёлыг сурталчлах ийм хэмжээний олон улсын үзэсгэлэн Европт өмнө нь гарч байв уу?  
-Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойгоор 2006 онд Европт нэг том үзэсгэлэн гарсан. Тэр үзэсгэлэнд дэлхийн олон оронд хадгалагдаж буй Эзэнт гүрний түүхтэй холбоотой дурсгалуудыг дэлгэсэн. Унгар, Турк, Герман улсад гарсан тэр үзэсгэлэн тухайн музейн түүхэнд хамгийн олон үзэгчтэй байсан. Тэгэхээр энэ удаагийн үзэсгэлэнг мөн олон хүн үзэх байх.

Бас нэг гол асуудал нь Монголын Эзэнт гүрэн, Чингис хааны байлдан дагууллын үеийн түүхийг дэлхий дахин үнэн зөвөөр харж эхэлсэн. Энэ үзэсгэлэнгээс Монголын эзэнт гүрний түүх, хүн төрөлхтөнд олон орны соёл, улс төр, эдийн засгийн солилцоо, орчин үеийн дэлхий дахиныг үүсгэж, энх амгаланг тогтооход монголчууд ямар хувь нэмэр оруулсныг харах боломжтой. 

Үзэсгэлэнгийн каталог франц хэлээр хэвлэгдсэн. Энэ үеэр Монголын эзэнт гүрний үеийн түүхийг судалдаг Монгол болон бусад орны гол эртэмтэд оролцсон эрдэм шинжилгээний хурал болно.

Морин хуурын чуулга бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцоно. Монгол Улсын соёлын бүтээлч үйлдвэрлэлтэй холбоотой үйл ажиллагаа явуулдаг байгууллагууд бүтээгдэхүүнээ сурталчилж, худалдан борлуулах зэргээр үзэсгэлэнг тойрсон цогц арга хэмжээ зохион байгуулна. Монгол Улсаа дэлхийд сурталчлах цогц үзэсгэлэн юм. Энэ бол арилжааны биш сурталчилгааны үзэсгэлэн. Улс орноо сурталчлах өргөн цар хүрээтэй ажил. 2024 оны тавдугаар сарын 4-нийг хүртэл долоон сарын хугацаанд үргэлжилнэ. Дараа нь бид энэ үзэсгэлэнг Монголд авчрахаар ажиллаж байна.

Дэлхийн стандарт шаардлага хангасан үзэсгэлэн хүлээн авах хүчин чадалтай “Чингис хаан” музейтэй боллоо. Монгол Улс олон улсын хэмжээний үзэсгэлэнг аюулгүй байдал, үзмэр хадгалалт, хамгаалалт гэх мэт олон талаасаа хүлээж авах зориулалтын байртай болсон. Хэрэв Монголд авчирвал  Монголын эзэнт гүрний үеийн түүхэн дурсгалуудаас гадна эзэнт гүрний их хаад, тэдний удмынхны Аргун хаан, Өлзийт хааны захидлууд бүрэн эхээрээ ирэх боломжтой. Мөн үзэсгэлэнгийн каталогийг монгол хэлээр гаргах эрхийг Францын тал бидэнд өгсөн.

Тэгэхээр “Чингис хаан, монголчууд дэлхий дахиныг өөрчилсөн нь” сэдэвт үзэсгэлэн 2024 онд Монголд, дараа нь Канадын Монтреал хотод гаргахаар төлөвлөгдөж байгаа.

Чехийн Үндэсний музей мөн энэ үзэсгэлэнг гаргах саналаа ирүүлсэн байна. 2025 оны аравдугаар сард Швейцарийн Риетбергийн музей /The Museum Rietberg/ гаргах юм. Дэлхийн өндөр зэрэглэлийн музейнүүдэд, өндөр хөгжилтэй орнуудад Монголын нүүдэлчдийн түүхийг үнэн зөвөөр ойлгуулах, нүүдэлчдийн түүх, соёл, тэдний хүн төрөлхтөнд гүйцэтгэсэн үүрэг ямар өвөрмөц онцлогтойг харуулж байгаагаараа энэ үзэсгэлэн онцгой ач холбогдолтой.

-Монголоос ямар үзмэрүүдийг үзэсгэлэнд дэлгэх вэ?
-Үзэсгэлэнт хосгүй үнэт үзмэр ороогүй. Францын тал өөрсдөө гурван удаа ирж, Монголын талтай ярилцаж үзмэрээ сонгосон. Үзмэр гурван хэсэгт хуваагдах юм. Нэгдүгээрт, Хүрэл зэвсгээс Хүннү, эртний нүүдэлчдийн төрт улсыг харуулсан Чингисийн өмнөх үе. Хоёрдугаарт, Чингис хааны үе буюу Монголын эзэнт гүрний үе. Гуравдугаарт,  Эзэнт гүрний дараах үеийн монголчууд гэсэн гурван хэсэгтэй.

Онцгой сонин үзмэрүүдээс дурдвал доктор Баярсайханаар ахлуулсан экспедицийн Хөвсгөл аймгийн нутгаас олдсон Юань улсын язгууртны дурсгалуудыг малтсан. Тэндээс олдсон шинэ дурсгалууд анх удаа гарч байна. Хүннүгийн үеийн дурсгалууд гэх мэт Монголын нүүдэлчдийн 2000 жилийн түүх, соёл, хүн төрөлхтөнд үзүүлсэн нөлөөг тодорхой харуулах цогц үзэсгэлэн болж байна.

-Монголынхоо түүх соёлын өв болсон үнэт үзмэрүүдийг гадаад руу гаргалаа гэж шүүмжлэх нэг хэсэг бий. Үүнд та ямар хариулт өгөх бол? 
-Бид нэг зүйлийг ойлгох хэрэгтэй. Монголын соёлын хүн төрөлхтөн үзэх эрхтэй. Хүн төрөлхтөний соёлыг монголчууд хүртэх эрхтэй. Энэ бүхнийг үзэж байж монголчууд бид өөрийнхөө хаана явах мэднэ. Хаалттай гэж үздэг Афганистан улс дэлхийн 40-50 улсыг тойрсон үзэсгэлэн гаргаж, соёлоо  танилцуулж байна. Украин улс скипийн үеийн алдартай алтан эдлэлийн үзэсгэлэнгээ дэлхийн олон оронд гаргасан. 

Монголд дэлхийн хэд хэдэн улсад 3-4 төрөлжсөн үзэсгэлэн гаргах үзмэрийн нөөц бий. Өндөр гэгээний ур хийцэд тулгуурласан бурхны шашны зүйлсээр үзэсгэлэн гаргаж болно. Нүүдлийн амьдралын хэв маягийг харуулсан, Эзэн Чингис хаан тал нутгийн эзэнт гүрнүүд сэдвээр үзэсгэлэн гаргаж болно. Концепцыг нь бичээд, төлөвлөгөө гарган улс орнуудад санал тавибал хүлээн авах боломжтой гэдгийг Нант хотын үзэсгэлэн харуулж байна.

-Чингис хаан сэдэвт үзэсгэлэнг Франц улсад гаргах санаачилгыг хэрхэн гаргав?
-Энэ үзэсгэлэнг нээх ажил амаргүй замыг туулсан гэж болно. 2019 онд Франц улс БНХАУ-тай хамтарч үзэсгэлэн гаргахаар тохирсон байсан нь зогсож, Монгол Улстай хамтрахаар болсон. Ингээд гурван жилийн дараа нээхэд бэлэн болж байна. Монгол, Франц улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулагдаж буй үзэсгэлэн юм.

-Чингис хаан музей байгуулагдаад нэг жил боллоо. Энэ хугацаанд хэчнээн хүн музей үзсэн бэ?
-Нэг жилийн хугацаанд  247 мянган хүн Чингис хаан музей үзсэн байна. Монгол Улсын хүн амын бараг тал 8 хувь, үүний тал нь хүүхэд.-Монголын түүхийг цогцоор нь монголчуудад төдийгүй дэлхий дахинд харуулж байгаа музей юм.

Одоо Чингис хаан музейн хоёр дахь томоохон үе шат эхэлж байна. Бид юутай ч музейгээ нээсэн. Музей дотор байгуулах томоохон үзмэрүүд цаг хугацаа, төсөв хөрөнгийн байдлаас болоод хойшлогдсон. Чингис хаан музейн захиалгаар Италийн Флоренц хотод урласан долоон метр өндөртэй Чингис хааны алтан хөшөө өнгөрсөн долоо хоногт ирсэн. Энэ хөшөөг музейн есдүгээр давхрын дугуй танхимд зална. Ёслол хүндэтгэлийн өргөө болох юм.

Мөн найман метр өндөртэй, усан оргилуур бүхий мөнгөн мод байршуулах ажил эхэлж байна. Музейн гуравдугаар давхар руу өгсдөг шатны баруун гар талын хана тэр чигтээ Монголын түүхийг харуулсан рельеф хийж байна. Нэгдүгээр давхарт Их нүүдлийг том хэмжээгээр хийж, байрлуулна. Долоодугаар давхарт Сарьдагийн хийдийн Өндөр гэгээн Занабазарын Мянган бурхан байрлуулсан хэсэгт сүм шиг хийцлэл хийж байна. Наймдугаар давхарт 360 градусаар харах боломжтой виртуал  өрөөг байгууллаа. Өрөөнд ороход XIII зууны үеийн монголчуудын амьдрал, Чингис хааны түүхэн дунд өөрөө орно гэсэн үг.

Музейн бүх давхарт үзмэр баяжуулалт, бүтээн байгуулалтын ажил өрнөж байна. Энэ бүх ажлуудыг бүрэн хийж гүйцэтгээд, Чингис хааны мэндэлсэн өдөр гэж түүхэнд тэмдэглэгдсэн өвлийн тэргүүн сарын шинийн 1-ний өдөр музейг дахин нээхээр төлөвлөж байна.