Зам, тээвэр хөгжлийн сайд С.Бямбацогт өнөөдөр /2023.07.27/ Өндөрхаан-Чойбалсан чиглэлийн 50 км авто зам дээр ажиллаж, нөхцөл байдалтай танилцжээ. 2013-2015 онд баригдсан уг замыг Улсын комисс өнөөг хүртэл ашиглалтад хүлээн аваагүй аж.



Улсын комисс уг зам дээр гурван удаа ажиллаж гүйцэтгэгч компаниудад тодорхой үүрэг даалгаврууд  өгсөн боловч засаж залруулах талаар ямар ч ажил хийгээгүй байна. МСРС компанийн хийсэн барилгын зургийн алдаанаас эхлүүлээд тендер шалгаруулах, ажил гүйцэтгэх, хяналт тавих гээд бүх л шатанд алдаа дутагдал гаргаснаас чанаргүй зам баригджээ.

“Уг зам барилгын ажлын гүйцэтгэгчээр “Чайна Жео” компани ажиллаж, чанаргүй зам барьжээ. Үүн дээр захиалагчийн талаас хяналт тавьж ажилласан сэтгэлгүй, чадваргүй хүмүүсийн балгийг одоо болтол зүүн бүсийн иргэд маань эдэлсээр байна.

Олон сайд, Төрийн нарийн бичгийн даргын нүүр үзсэн уг замыг засаж сайжруулах, гарсан алдаа дутагдлыг арилгах талаар ямар ч арга хэмжээ аваагүйг гайхаж байна. 

Уг замыг иж бүрэн шинэчилж засварлах талаар ХХААХҮ-ийн сайд Х.Болорчулуун, УИХ-ын гишүүн Ц.Сэргэлэн нартай хамтран ажиллаж байна, 2024 оноос засварын ажлыг эхлүүлэх болно. Засварын ажил дуусах хүртэлх хугацаанд замын эвдрэл гэмтлийг тодорхой хэмжээгээр засах, иргэдийн  аюулгүй зорчих нөхцлийг бүрдүүлэх үүргийг Дорнод АЗЗА, Зам, тээврийн хөгжлийн төв-д өглөө” хэмээн сайд С.Бямбацогт цахим хуудаснаа мэдээллээ. 

"Тамын 50" гэгдэх болсон уг замыг засаж, шинэчлэхийн хажуугаар ийм байдалд хүргэсэн зураг зохиогч, гүйцэтгэгч, хяналт тавьсан этгээдүүдтэй хатуу хариуцлага тооцно. "Чайна Жео" компанитай шүүхийн маргаан иргэний журмаар үүсгэж тодорхой нөхөн төлбөрийг авсан, гэхдээ асуудал үүгээр дуусахгүй. Хууль хяналтын байгууллагад шилжүүлж, эрүүгийн хариуцлага тооцуулах болно гэсэн байна.