Монгол Улсын Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан өнөөдөр 21 аймгийн Засаг дарга нартай цагийн үеийн асуудлаар цахим хурал хийж, холбогдох үүрэг чиглэлийг өглөө.

Энэ оны долоодугаар сар гарснаас хойш Монгол орны нийт нутгаар үргэлжилсэн болон дуу цахилгаантай түр зуурын бороо орж, томоохон гол мөрнүүд үерийн аюултай түвшинг даван үерлэж, зарим газруудад үерийн далангаа даван хальж үерлэсэн.

Үерийн улмаас 7 иргэн амиа алдаж, 600 гаруй айл өрхийн гэр, байшин усанд автаж, 1500 гаруй толгой мал хорогдож, улсын чанартай автозамын 6 байршилд эвдрэл гэмтэл гарсан байна.

Мөн Улаанбаатар-Замын үүд чиглэлийн төмөр замын 10 орчим хэсэгт замын далан сэтэрч эвдрэл гарсныг УБТЗ-ын ажилчид шуурхай ажиллаж, хоёр хоногийн дотор (7 дугаар сарын 13-15) гэмтлийг засварлан хэвийн ажиллагаанд шилжүүлсэн.

Тиймээс мэргэжлийн байгууллага, нутгийн захиргааны байгууллага хамтран үерийн хамгаалалтын далан, зам, талбайн ус зайлуулах зориулалттай инженерийн байгууламжид үзлэг, шалгалт зохион байгуулах, далан, суваг, шуудууны цэвэрлэгээг хийх;

– Гол, мөрөн, нуурын дагуу хөдөлгөөнт эргүүлийн үйл ажиллагааг эрчимжүүлэх, бүх шатны нутгийн захиргааны байгууллагад үүрэг чиглэл өгч, урьдчилан сэргийлэх ажилд оролцуулах;

– Иргэд, малчид, тээврийн хэрэгслийн жолооч нарт цаг уурын мэдээ, анхааруулга, сэрэмжлүүлгийг тогтмол өгч ажиллах;

– Гол, мөрөн, нуурын эрэг орчмоор үйл ажиллагаа явуулдаг амралт, сувилал, аж ахуйн нэгжүүдэд болзошгүй аюулт үзэгдэл, ослоос урьдчилан сэргийлэх, аюулгүй байдлыг хангуулах, амрагчдын аюулгүй байдлыг хэрхэн хангаж байгаа байдалд хяналт шалгалтын ажил зохион байгуулах, заавар, зөвлөмжөөр хангах, зөрчил дутагдлыг арилгуулах;

– Гол, мөрөн, нуурын арал, тохой, эрэг дагууд болон уулын ам, бэл, гуу жалга, судгийн аманд айл өрх суурьшихгүй байхыг анхааруулах, аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулахыг хориглох, эрсдэл бүхий газар нутагласан айл өрхийг нүүлгэн шилжүүлэх;

– Тээврийн хэрэгслийн жолооч, малчид, иргэдэд гүүр, гарамгүй газраар гол, мөрөн гатлахгүй байх, анхаарал болгоомжтой зорчих талаар анхааруулга, сэрэмжлүүлэг тогтмол хүргэх;

– Иргэдийн амралт, зугаалгын улирал үргэлжилж байгаа тул иргэдэд бага насны хүүхдийг хараа хяналтгүй орхихгүй байх, архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ голын усанд орохгүй байх, зориулалтын бус, стандартын шаардлага хангахгүй хөвөгч хэрэгсэл, завь зэргийг хэрэглэхгүй байх талаар анхааруулга, сэрэмжлүүлэг мэдээллийг бүх төрлийн хэвлэл мэдээллийн хэрэгсэл, авто зам, тээврийн хяналт зохицуулалтын алба, хөдөлгөөнт эргүүлээр дамжуулан тогтмол хүргэхийг даалгалаа.

Үер, усны осол болон ой, хээрийн гал түймэр зэрэг байгалийн гамшиг болон аюулт үзэгдлийн тохиолдол жил ирэх тусам нэмэгдэж байна. Тодруулбал, 2004-2013 онд жилд дунджаар 3104 аюулт үзэгдэл, осол тохиолддог байсан бол 2013-2022 онд жилд дунджаар 4529 болж нэмэгдсэн байнаТухайлбал, 2023 он гарсаар ой, хээрийн гал түймрийн 72 тохиолдол бүртгэгдсэн бол нийслэлийн 9 дүүрэг, 13 аймгийн 18 суманд голын халианы усанд автсан 9, үерийн усанд автсан 400, гүний болон хөрсний шар усанд автсан 4 тохиолдол бүртгэгдээд байна. Түүнчлэн он гарсаар уснаас эрэн хайх, аврах ажиллагааны нийслэлийн 2 дүүрэг, 15 аймгийн 29 суманд нийт 31 усны осол бүртгэгдсэнээс 31 иргэн осолдсон байна. Мөн 6 цэгт аянга бууж, 11 байршилд аадар бороо, 11 байршилд мөндөр орсон бол хүчтэй салхи шуурганы 44, цасанд боогдсон 5 тохиолдол Онцгой байдлын байгууллагад бүртгэгдээд байгаа юм.

Цаашид цаг уурын байгууллагын мэдээллээр нийт нутгаар усархаг бороо үргэлжлэн орж, голуудын усны түвшин огцом нэмэгдэж, үерийн аюултай түвшинг даван үерлэж байгаатай холбогдуулан:

– Болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх арга хэмжээг бүх шатанд авч хэрэгжүүлэх, гол мөрний ай сав болон үерийн аюултай газар нутаглаж буй иргэд, аж ахуйн нэгжүүдэд сэрэмжлүүлэг хүргэх, аюулгүй газарт нүүлгэн шилжүүлэх,

– Гол, мөрөн, нуурын эрэг орчмоор үйл ажиллагаа явуулдаг амралт, сувилал, аж ахуйн нэгжүүдэд болзошгүй аюулт үзэгдэл, ослоос урьдчилан сэргийлэх, аюулгүй байдлыг хангуулах чиглэлээр хяналт шалгалтын ажил зохион байгуулах, зөрчил дутагдлыг арилгах;

– Гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн ангийн бэлтгэл бэлэн байдлыг хангах;

– Болзошгүй гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх арга хэмжээг орон нутгийн хэмжээнд зохион байгуулж, Улсын онцгой комиссын 2023 оны “Ой хээрийн гал түймрээс урьдчилан сэргийлэх, тэмцэх зарим арга хэмжээний тухай” 01 дүгээр албан даалгаврын хэрэгжилтийг бүх шатанд хангаж ажиллах;

– Цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулан ой, хээрийн гал түймрээс урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулах, иргэд олон нийтэд, тогтмол мэдээлэл сэрэмжлүүлэг хүргэх.

Мал аж ахуйн салбарын өвөлжилтийн бэлтгэл хангах чиглэлээр:

– Хөдөө аж ахуйн салбарын 2023-2024 оны өвөлжилт, хаваржилтын бэлтгэл хангах зарим арга хэмжээний тухай Монгол Улсын Засгийн газрын 2023 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн тогтоол, Монгол Улсын Ерөнхий сайдын 2023-2024 оны өвөл хаврын бэлтгэл ажлыг эрчимжүүлэх тухай албан даалгаварын хэрэгжилтийг бүх шатанд хангаж ажиллах;

– Хөдөө аж ахуйн салбарын 2023-2024 оны өвөлжилт, хаваржилтын бэлтгэл хангах нарийвчилсан төлөвлөгөө боловсруулан баталж, хэрэгжилтийг хангаж, шаардлагатай арга хэмжээг авч ажиллах;

– Цаг уурын байгууллагаас гаргаж буй бэлчээрийн даац, зудын эрсдэлийн мэдээ, цаг агаарын гаралтай аюулт болон гамшигт үзэгдлийн талаарх зарлан мэдээллийг ард иргэдэд шуурхай хүргэх, болзошгүй байгалийн гамшгаас урьдчилан сэргийлэх бэлтгэл, бэлэн байдлыг дээшлүүлэх;

– Аймаг, сумын аюулгүйн нөөцөд өвс, тэжээл бэлтгэх ажлыг цаг алдалгүй зохион байгуулах, зуншлага тааруу байгаа, хадлан бэлтгэх боломжгүй аймаг, сумууд бусад аймаг, орон нутгаас өвс тэжээл бэлтгэх, худалдан авах талаар хамтран ажиллах;

– 2023-2024 оны өвөл, хавар отор, нүүдэл хийх малчдын судалгаа, оторлох малын тоо, толгойг аймаг, орон нутгаар нэгтгэж гаргах, зохион байгуулалтыг сайтар хийж бусад аймаг орон нутгийн удирдлагуудтай гэрээ хийх;

– Малчдыг малаа даатгалд хамруулах ажлыг зохион байгуулах;

– Мал сүргийг өвчнөөс урьдчилан сэргийлэх, малын үржүүлэг, технологийн ажил үйлчилгээ, малын дархлаажуулалт, угаалга, туулгалт, ариутгал, халдваргүйжүүлэлтийг эрчимтэй явуулах, ялангуяа бусад аймгийн нутагт отроор өвөлжиж, хаваржих малыг бүрэн хамруулах;

Газар тариалангийн салбарт хамаарах асуудлаар:

– Ургац хураалтад ажиллах хүн хүч, техникийн бэлтгэл, зохион байгуулалтыг бүрэн хангуулах, цаг агаарын гамшигт үзэгдлээс ургацаа хамгаалах, урьдчилан сэргийлэх арга хэмжээг тогтмол авч ажиллах;

– Цаг уур, орчны шинжилгээний газраас ирүүлж буй мэдээллээр 8,9,10 дугаар саруудад олон жилийн дунджаас дулаан, дунджаас бага хур тунадастай байхаар байгаа тул бэлтгэлийг сайтар хангаж, ургац хураалтын ажлыг технологийн хугацаанд үр дүнтэй зохион байгуулах, мэдээ, мэдээллийн бодит байдлыг хангах ажиллахад анхаарал хандуулж, хамтран ажиллах;

Эрчим хүчний салбарт хамаарах асуудлаар:

– Байгалийн гамшиг, гэнэтийн болон давагдашгүй хүчин зүйлийн шинжтэй нөхцөл байдал үүсэх тохиолдолд эрчим хүчний тасралтгүй, найдвартай байдлыг хангахад шаардагдах сэлбэг, материал, тоног төхөөрөмжүүдийн нөөц бүрдүүлэх;

– Дулааны цахилгаан станцууцуудын нүүрсний нөөц бүрдүүлэх, үйл ажиллагаанд шаардлагатай шатахуун, шатах тослох материалын нөөцийг хангалттай түвшинд бүрдүүлэхэд онцгойлон анхаарах;

Салбар хоорондын үйл ажиллагааг сайжруулах- Гамшгаас хамгаалах тухай хуулийн 51 дүгээр зүйлд “Төсвийн ерөнхийлөн захирагч нь жил бүрийн төсвийн багцдаа гамшгийн эрсдэлийг бууруулах арга хэмжээг төлөвлөж, зардлыг тусгана”, “Гамшгаас хамгаалах, эрсдэлийг бууруулах арга хэмжээний зардалд аймаг, сум, нийслэл, дүүрэг, төрийн байгууллага тухайн жилийн төсвийнхөө 1.0 хувиас доошгүйг зарцуулахаар тооцон төсөвт тусгаж, хуулийн этгээд тухайн жилийн үйлдвэрлэл, үйлчилгээний зардлын 1.5 хувиас доошгүй хэмжээний хөрөнгийг төлөвлөж зарцуулна” гэж заасныг мөрдлөг болгон 2024 оны төсөвт гамшгаас хамгаалах, эрсдэлийг бууруулах үйл ажиллагааны зардлыг бодитоор тооцож тусгах,

– Цаг агаарын аюултай үзэгдлийн үед хүн ам, эд хөрөнгийг эрсдэлээс хамгаалах, учирсан хохирлыг цаг алдалгүй түргэн шуурхай үнэлэх, хариу арга хэмжээний төлөвлөлт хийж, Улсын онцгой комисст 2023 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн дотор танилцуулах;

– Зуншлага тааруу байгаа аймгууд гангийн эрсдэлийн үнэлгээг Монгол Улсын Шадар сайдын 2021 оны 68 дугаар тушаалын хоёрдугаар хавсралтаар батлагдсан Ган, зудын эрсдэлийн үнэлгээ хийх зааврын дагуу гаргаж, 2023 оны 8 дугаар сарын 5-ны өдрийн дотор Улсын онцгой комисст танилцуулах, эрсдэлийн үнэлгээний үр дүнг үндэслэн хариу арга хэмжээний төлөвлөлт хийж ажиллахыг УОК-ын дарга, Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан холбогдох албаныханд тус тус даалгалаа.

Эх сурвалж: УОК-ын Шуурхай штаб