Засгийн газрын ээлжит хуралдаан 2023 оны долдугаар сарын 19-нд болж 10 гаруй асуудал хэлэлцэн шийдвэрлэлээ.

Нийслэл үнэт цаас гаргахыг дэмжив
“Нийслэлийн үнэт цаас гаргах тухай” Засгийн газрын тогтоолын төслийг Сангийн сайд Б.Жавхлан Засгийн газрын гишүүдэд танилцууллаа.
Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулж, түгжрэлийг бууруулах, авто зам, замын байгууламжийн сүлжээг өргөтгөх, бүтээн байгуулалтын төсөл, арга хэмжээг санхүүжүүлэх зорилгоор Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын зүгээс 500 тэрбум төгрөг хүртэлх хэмжээний үнэт цаасыг дотоодын зах зээлд үе шаттайгаар арилжаалахыг хэлэлцэн дэмжлээ.
Үнэт цаасны эх үүсвэрээр хэрэгжүүлэх төсөл хөтөлбөрүүдийг Нийслэлийн төсөвт тусгаж, Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазарт даалгав.
 
2023-2024 оны өвөл, хаврын бэлтгэл ажлыг эрчимжүүлэх тухай Ерөнхий сайдын албан даалгавар гарлаа
Албан даалгаврын хэрэгжилтийг “Хөдөө аж ахуйн салбарын 2023-2024 оны өвөлжилт, хаваржилтын бэлтгэл хангах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоолын хэрэгжилтийн хамт Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Х.Болорчулуунд даалгав.
Мөн цаг агаарын аюултай үзэгдлийн үед хүн ам, эд хөрөнгийг эрсдэлээс хамгаалах, учирсан хохирлыг цаг алдалгүй түргэн шуурхай үнэлэх, хариу арга хэмжээний төлөвлөлт хийж, Засгийн газрын хуралдаанд танилцуулж, шийдвэрлүүлэхийг Монгол Улсын Шадар сайд С.Амарсайханд;
Цаг уурын урьдчилсан мэдээнд тулгуурлан өвөл, хаврын улирлын бэлчээрийн даацыг бодитой тогтоох, цаг уур, орчны аюултай, гамшигт үзэгдлийн талаарх урьдчилан сэргийлэх мэдээг иргэд, малчдад түргэн шуурхай хүргэх, говийн бүс нутагт үүлэнд зориудаар нөлөөлөх арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэд;
Цаг агаарын хүндрэлтэй нөхцөлөөс шалтгаалж, зам, даваа хаагдах, халтиргаа гулгаа үүсэх эрсдэлээс урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээг зохион байгуулах, автомашин, техник тоног төхөөрөмжийн бэлэн байдлыг хангахыг Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогтод тус тус үүрэг болголоо.
 
Товч мэдээ
 
-Монгол Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын хооронд байгуулсан “Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг хөгжүүлэх тухай хамтарсан тунхаглал”-ыг хэрэгжүүлэх зорилгоор “Монгол-Хятадын Экспо” арга хэмжээний бэлтгэл ажлыг хангах Ажлын хэсгийг шинэчлэн байгууллаа.
 
-Эрүүгийн хэрэгт эрх зүйн харилцан туслалцаа үзүүлэх тухай Европын конвенцод Монгол Улс нэгдэн орох тухай асуудлыг хэлэлцээд, уг конвенцыг соёрхон батлах тухай хуулийн төслийг дэмжиж, зөвшилцөж, хэлэлцүүлэхээр Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхээр тогтлоо.