Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт орших Сууц өмчлөгчдийн холбоодын үйл ажиллагааг сайжруулах, хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах, иргэд болон хамтран ажилладаг байгууллагуудын уялдаа холбоог идэвхжүүлэх, иргэдийн таатай амьдрах орчин нөхцөлийг бүрдүүлэх үүднээс Баянзүрх дүүргийн Хөгжлийн төвөөс Сургалт хэлэлцүүлэг 2023 арга хэмжээг зохион байгууллаа. Баянзүрх дүүргийн Засаг дарга Н.Баярмөнх, Засаг даргын орлогч Г.Жаргалсайхан, Баянзүрх дүүргийн Хөгжлийн төвийн захирал Ж.Энхбаатар, Сууц өмчлөгчдийн холбоодын удирдлагууд энэхүү арга хэмжээнд оролцсон.
Хотын стандарт, хог ангиллын менежмент, хүүхдийн тоглоомын талбайн стандарт сэдвийн хүрээнд мэргэжилтэн Г.Амартүвшин, СӨХ-ны шинэчилсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн талаар ахлах мэргэжилтэн С.Одонцэцэг, Дээвэр, фасадны арчилгаа, засварын талаар инженер Н.Хонгорцэцэг нар сургалт орсон. Хүүхдийг болзошгүй эрсдэлд өртөхөөс урьдчилан сэргийлэхэд хүн бүрийн үүрэг оролцоо чухал. Тиймээс цагдаагийн байгууллагаас мөн сургалт, хэлэлцүүлэгт оролцож мэдээлэл хүргэсэн.
Сургалтаас гадна Сууц өмчлөгчдийн холбоодын өмнө тулгамдаж буй асуудал сэдвийн хүрээнд хэлэлцүүлэг өрнөсөн бөгөөд харьяа хэлтсийн удирдлагууд оролцож, асуусан асуултад хариулт өглөө.
Сууц өмчлөгчдийн холбооны хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгө өмчлөх, эзэмших, ашиглах, хамгаалах асуудалд тал бүрийн оролцоог хангаж, хяналтыг сайжруулах нь арга хэмжээний гол зорилго. Тиймээс цаашид төлөөллийг оролцуулсан ажлын хэсэг гаргаж ажиллахаар боллоо. Тулгамдаж буй асуудал, түүнийг хэрхэн шийдвэрлэх хүрээнд ажлын хэсэг тодорхой ажил зохион байгуулах юм. Өөрөөр хэлбэл нэг удаагийн уулзалт, хэлэлцүүлэг зохион байгуулснаар тодорхой шийдэлд хүрэхгүй гэдгийг онцоллоо. Ажлын хэсгийн даргаар Баянзүрх дүүргийн Хөгжлийн төвийн захирал Ж.Энхбаатар ажиллахаар боллоо.