Израилд Ерөнхий сайд Биньямин Нетаньяхугийн засгийн газрын шүүхийн шинэчлэлийг эсэргүүцэж бүх нийтийн ажил хаялт зарлалаа. Улмаар Бен Гурион олон улсын нисэх онгоцны буудал бүх нислэгээ зогсоосон байна.
Хистадрутын үйлдвэрчний эвлэлийн тэргүүн Арнон Бар-Дэвид ажил хаялтад уриалжээ. Түүний уриалгад хамгийн түрүүнд нисэх буудлын ажилчид нэгдсэн байна.
Өмнөх өдөр нь Батлан хамгаалахын сайд Жоб Галлант огцрох өргөдлөө өгсөн бөгөөд тэрээр шүүхийн шинэчлэл нь Израилийн нийгэм болон цэргийн албан хаагчдын дургүйцлийг хүргэж, зэвсэгт хүчний байлдааны бэлэн байдалд нөлөөлж байна гэжээ.
Хууль тогтоох болон гүйцэтгэх байгууллагын шийдвэрт нөлөөлөх шүүхийн эрх мэдлийг хасах нь Нетаньяхугийн шүүхийн шинэчлэлийн мөн чанар оршиж байгаа аж. Израилийн парламент нэг танхимаас бүрддэг. Өнөөдрийг хүртэл Улсын дээд шүүх Засгийн газрын үйл ажиллагаанд хяналт тавьж, хууль бус гэж үзсэн хуульд хориг тавьж иржээ. Харин шүүхийн шинэчлэл хийгдсэнээр парламент дахь олонхын суудалтай эрх баригч нам аливаа хуулийг чөлөөтэй батлах эсвэл хүчингүй болгох боломжтой болно гэсэн үг юм байна.
Энэ хуулийг шүүмжлэгчид тус улсад дарангуйлал тогтоно гэж үзэж байна. Израильчууд Дээд шүүхийн эрх мэдлийг хязгаарласнаар Израилийн ардчиллыг авторитар дэглэм болгон хувиргах гэж байна гэжээ. Улсын дээд шүүх парламентын шийдвэрийг хууль бус гэж үзвэл хориг тавих боломжтой аж.
Ням гарагийн шөнө Батлан хамгаалахын сайдаа огцорсонд эгдүүцсэн израильчууд Ерөнхий сайд Биньямин Нетаньяхугийн өргөөний гадна жагсжээ. Жагсагчдыг тараахын тулд цагдаа болон зэвсэгт хүчнийхэн усан буу ашигласан байна.
Даваа гарагийн өглөө Израилийн Ерөнхийлөгч Исаак Херцог жагсагчидтай нэгдэж, засгийн газрыг нийгмийг хуваасан шүүхийн шинэчлэлээсээ татгалзахыг уриалжээ.
Эх сурвалж: ВВС