УИХ-ын Төсвийн байнгын хорооны 2023 оны гуравдугаар сарын 21-ний өдрийн хуралдааны эхэнд Байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн хэлэлцэх асуудлын дарааллыг танилцуулсны дараа “Монгол УИХ-ын 2023 оны хаврын ээлжит чуулганаар 03 дугаар сард Төсвийн байнгын хорооны хэлэлцэх асуудлын цаглавар батлах тухай” тогтоолын төслийг хэлэлцэв.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан асуулт асууж, үг хэлэх гишүүн байгаагүй тул Байнгын хорооны тогтоолын төслийг батлахыг хуралдаанд оролцсон гишүүдийн 60 хувь нь дэмжлээ.

Дараа нь  Засгийн газраас 2022 оны 12 дугаар сарын 21-ний өдөр өргөн мэдүүлсэн  Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцсэн.

Хуулийн төслийн талаар УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Барилга, хот байгуулалтын сайд Ц.Даваасүрэн танилцуулав.

Тэрбээр танилцуулгадаа, Монгол Улсын Их Хурлаас “Алсын хараа 2050”, “Шинэ сэргэлтийн бодлого” зэрэг салбарын хөгжлийг дэмжих урт, дунд хугацааны хөгжлийн бодлогыг баталсан. Энэхүү бодлогын хүрээнд хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт Улсын Их Хуралд өргөн мэдүүлж яаралтай горимоор батлуулах шаардлагатай гурван хуулийн төслийн нэг нь Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл гэдгийг онцоллоо.

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын бодлого нь хөдөө аж ахуйн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний нөөцийг эдийн засгийн эргэлтэд эрчимтэй оруулах нөхцөлийг бүрдүүлж, салбарын үйлдвэрийг нэмэгдүүлэх, эрчимжсэн мал аж ахуйг хот, суурин орчимд бүсчлэн хөгжүүлж, нөөцийг тогтвортой, зохистой ашиглан хүн амыг эрүүл бүтээгдэхүүнээр тасралтгүй хангахад чиглэгдсэн. Энэхүү бодлого, зорилтыг хэрэгжүүлэхийн тулд төрийн зарим чиг үүргийн хүрээнд улсын төсвийн хөрөнгөөр хийж байгаа таримал ургамлын үр, суулгац, сортын үрийг үржүүлэх, ургамал хамгааллын бодис, бордоо, шатахууны импортын худалдаа, хөдөө аж ахуйн техник, тоног төхөөрөмжийн дилерийн болон түрээсийн үйлчилгээ, засвар, сэлбэг хэрэгслийн худалдаа, эрчимжсэн мал аж ахуйг дэмжих, хөдөө аж ахуйн зөвлөх, нэвтрүүлэх үйлчилгээ зэрэг ажил, үйлчилгээг аж ахуйн тооцоонд шилжүүлж, өөрөө өөрийгөө санхүүжүүлэх хэрэгцээ шаардлага үүсэж байна. Цаашлаад хөдөө аж ахуйн үйл ажиллагаа эрхлэгчдийн орлого нэмэгдүүлэх, тэдгээрийн зах зээлийн бодит эрэлт, хэрэгцээнд тулгуурласан бүтээгдэхүүн, үйлчилгээг бий болгох, шударга, хүртээмжтэй хуваарилалтын тогтолцоог бүрдүүлэх, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн технологитой уялдсан тасралтгүй нийлүүлэлтийн сүлжээг бий болгох, дотоодын үйлдвэрлэгчдэд санхүүгийн дэмжлэг үзүүлэх боломж бүрдүүлэх зорилгоор аж ахуйн тооцоот төрийн өмчит корпорац байгуулах нь зүйтэй гэж төсөл санаачлагчид үзжээ.

Энэхүү төрийн өмчит корпорац нь Компанийн тухай болон бусад холбогдох хууль тогтоомжийн хүрээнд ашигт ажиллагаа, хөрөнгийн ашиглалтыг сайжруулах, улсын төсөвт учруулж буй өрийн дарамтыг бууруулах, хөдөө аж ахуйн салбарт олгох дэмжлэгийн нэр төрөл, тоо хэмжээ, хүртээмжийг нэмэгдүүлэх, өрсөлдөх чадварыг бий болгох зэрэг олон эерэг үр дүн үзүүлэх боломжтой. Үүний зэрэгцээ хөдөө аж ахуйн үйлдвэрлэл эрхлэгчид тэдний эрэлт хэрэгцээнд нийцсэн таримал ургамлын үр, сорт, бордоо, ургамал хамгааллын бодис, шатахуун, газар тариалангийн тоног төхөөрөмж, усалгааны багаж хэрэгслийг хямд үнээр тариалалтын технологийн хугацаанд нийлүүлнэ гэдгийг Ц.Даваасүрэн сайд танилцуулгадаа дурдсан.

Мөн үйлдвэрлэлийн менежментийг сайжруулан шаардлагатай засвар үйлчилгээг цаг тухайд нь хийх, буудайн хадгалалтын нөхцөл сайжрах, цаашлаад үр ашиг нэмэгдэнэ гэж тооцож байна. Иймд дээр дурдсан ач холбогдлыг харгалзан Засгийн тусгай сангийн тухай хуулийн Хөдөө аж ахуйг дэмжих сан болон уг санг эшилсэн бусад заалтуудыг хасах замаар Хөдөө аж ахуйг дэмжих санг татан буулгах Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулсан гэж байлаа.

Хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Ж.Батжаргал Хөдөө аж ахуйг дэмжих санг татан буулгаж, төрийн өмчит корпорац байгуулахдаа эдийн засгийн үндсэн салбар болох хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн гол технологийн цаг үед хүндрэл гаргахгүй байхад бэлтгэл, зохион байгуулалт хэр хангагдсаныг, УИХ-ын гишүүн Г.Амартүвшин аж ахуйн тооцоот төрийн өмчит корпорац болсноор үйл ажиллагаа нь хэрхэн өөрчлөгдөхийг лавлаж байлаа. Мөн УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн шинээр байгуулагдаж буй төрийн өмчит компани нь бизнесийн зарчмаар хараат бус ашгийн төлөө ажиллах шаардлагатайг онцлоод энэ хүрээнд ажиллах боломж, бололцоог бүрдүүлсэн эсэхийг тодруулав.

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Бодлого, төлөвлөлтийн газрын дарга Ц.Болорчулуун хариултдаа, Хөдөө аж ахуйг дэмжих сан нийт долоон чиглэлд үйл ажиллагаа явуулж байсан. Энэ үйл ажиллагаа нь зах зээлийн нийгэмд тохиромжтой биш байна гэсэн дүгнэлтэд хүрсэн учраас “Хөдөө аж ахуйн корпорац” төрийн өмчит компанийг байгуулж, салбарын яам хувьцааг нь 100 хувь эзэмших юм. Энэ компани нь салбарын яамны эрхлэх асуудлын хүрээнд үйл ажиллагаагаа явуулна. Компанийн дотоод дүрмийг боловсруулсан. Зах зээлийн нийгэмтэйгээ уялдуулаад хөдөө аж ахуйн салбарт үзүүлж буй дэмжлэг, бусад арга хэмжээг хэрхэн, яаж зохион байгуулах асуудалд өмнөх долоон чиглэлд явуулж буй үйл ажиллагааг 16 болгож, компанийн дүрэмд өөрчлөлт оруулсан. Тиймээс сан татан буугдсанаар хөрөнгө нь компани руу шилжсэн тул салбарын бодлогыг хэрэгжүүлэхэд үйл ажиллагаанд доголдол гарахгүй гэдгийг тодотгов.

Мөн тэрбээр, Засгийн газрын тогтоолоор төрийн өмчит компани байгуулагдсан. Төрийн хувьцаа эзэмшигч, эрхийг хэрэгжүүлэгч нь Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам. Засаглалын хувьд Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газарт Төлөөлөн удирдах зөвлөлтэй байна. ТУЗ-ийн эрх, үүргийг уг компанийн дүрэмд бусад төрийн өмчит компаниудын адил тусгасан гэсэн нэмэлт тайлбарыг өглөө.

Гишүүдийн зүгээс хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжихийн зэрэгцээ Хөдөө аж ахуйг дэмжих сангийн чиг үүргүүдийг шинээр байгуулагдаж буй аж ахуйн нэгж нь бүрэн хариуцах асуудлыг тодорхой чиглэл болгосон тогтоолын төсөл боловсруулж, дээрх хуулиудыг дагалдуулан батлах шаарлдлагатай гэсэн байр суурийг илэрхийлж байв.  

Ингээд  Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Засгийн газрын тусгай сангийн тухай хууль (Шинэчилсэн найруулга)-ийг дагаж мөрдөх журмын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжье гэдэг саналын томьёоллоор санал хураахад, хуралдаанд оролцсон гишүүдийн 60 хувь нь дэмжсэн. Иймд энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Ж.Батсуурь чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлээ.