Монгол цэргийн өдөр, орчин цагийн зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны 102 жилийн ойг тохиолдуулан Баянзүрх дүүргийн 16,40 дүгээр хороо, дүүргийн Цэргийн штабаас хамтран “Дайчин нөхөд минь, одонгоо зүүцгээ” арга хэмжээг зохион байгууллаа. Монгол Улсын тусгаар тогтнол, батлан хамгаалах үйлсэд нэгэн насаа зориулсан ахмад дайчдадаа хүндэтгэл үзүүлэх, залуу хойч үеэ цэрэг эх оронч үзлээр төлөвшүүлэх үүднээс энэхүү арга хэмжээг жил бүр уламжлал болгон хийдэг. Баянзүрх дүүргийн 16-р хороо, ахмадын зөвлөл хамтран анх 2011 оноос эхлэн “Дайчин нөхөд минь, одонгоо зүүцгээ” өдөрлөгийг зохион байгуулж эхэлсэн.
Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны иргэний танхимд хийж эхэлсэн хүндэтгэлийн арга хэмжээний цар хүрээ жил ирэх нэмэгдэж байна. Энэ удаагийн хүндэтгэлийн арга хэмжээнд нийт 500 гаруй ахмад дайчид оролцлоо. Мөн энэ үеэр 16 нас хүрсэн ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад цэргийн үүрэгтний үнэмлэх гардуулан өгсөн юм.