Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хурлаар зөвшөөрөлгүй барилгын асуудлыг хэлэлцжээ.
Нийслэлийн зургаан дүүргийн хэмжээнд барилгын ажлын зөвшөөрөлгүйгээр барилга угсралтын ажлыг эхэлсэн 55 иргэн, хуулийн этгээд байна.
Тодруулбал, Сонгинохайрхан, Чингэлтэйд тус бүр нэг, Баянгол дүүрэгт найм, Сүхбаатарт зургаа, Баянзүрх дүүрэгт 16, Хан-Уулд 22 барилга.
Сонгинохайрхан дүүрэгт байрлах нэг барилгын газрын эрхийг цуцалжээ. Эдгээрээс 21 барилгынх нь ажил дууссан бол цутгалтын ажил үргэлжилж байгаа 31, суурь, газар шорооны ажил эхэлсэн гурав, ундны усны эх үүсвэрт барьж байгаа таван барилга байгаа аж.
Дээрх 55 барилгаас өмнөх онд 47 барилгад Зөрчлийн тухай хуулийн дагуу захиалагч, гүйцэтгэгчийн чиг үүргээ хэрэгжүүлээгүй буюу зөвшөөрөлгүй барилга угсралтын ажил эхлүүлсэн үндэслэлээр 1,000-10,000 нэгжтэй тэнцэх торгуулийн арга хэмжээ авчээ. Барилга угсралтын үйл ажиллагааг зогсоох тухай Барилгын техникийн хяналтын улсын ахлах байцаагчдын эрх бүхий албан тушаалтны албан даалгаврыг хүргүүлж, Нийслэлийн Прокурорын газрын нэгдсэн бүртгэлд бүртгүүлсэн байна.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар “Барилгын чанар, стандартад хяналт тавих ёстой. Сүүлийн жилүүдэд Улаанбаатар хотод газар хөдлөлтийн идэвхжил нэмэгдэж байгаа. Аюул, осол гарлаа гэхэд иргэд амь нас, эд хөрөнгөөрөө хохирох эрсдэлтэй. Болзошгүй эрсдэлийг тооцоолж, урьдчилан сэргийлэх шаардлагатай” гэв.
Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэн зөвшөөрөлгүй барилгын талаарх мэдээлэл гардаг ч тэгсхийгээд замхардаг. Яагаад барихаас нь өмнө арга хэмжээ авч болдоггүй юм бэ. Үүнийг нэг мөр шийдэх шаардлагатай гэдгийг хэлж байлаа.
Зөвшөөрөлгүй барилгыг албадан буулгах санал, шийдвэр боловсруулах Ажлын хэсэг байгуулах, газар эзэмших, ашиглах эрхийг цуцлуулах саналыг хүргүүлж, барилгын ажлын зөвшөөрлийг нөхөж олгохгүй байх, олгогдсон техникийн нөхцөлүүдийг цуцлах, цаашид ус, дулаан, цахилгаанаар хангахгүй байхыг холбогдох байгууллагуудын удирдлагуудад үүрэг болгожээ.